Боловсрол, соёл, шинжлэх ухааны Сайд Л.Гантөмөр
2015.12.03

Нийт 3,5 тэрбум төгрөгийн тэтгэлэг олголоо

Дээд боловсролын байгууллагын хөгжлийг дэмжих 18 төсөл, судалгааны 60 төсөлд нийт 3,5 тэрбум төгрөгийн тэтгэлэг олголоо

Дээд боловсролын чанарын шинэчлэлийн зорилго нь мэдлэгт суурилсан нийгмийг бэхжүүлэх, дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай мэргэжилтэн төгсөгчдийг бэлтгэх, эрдэмтэдийн судалгааны ажлын чанар үр өгөөжийг нэмэгдүүлж, үр дүнг улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглүүлэх зорилготой юм.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам 2012 оноос Дээд боловсролын шинэчлэлийн төслийг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр  хэрэгжүүлж байна. Төслийн зорилго нь Монгол улсын их, дээд сургуулийн хөгжлийн стратегийн зорилго, зорилтуудыг болон үйл ажиллагааны хөгжлийг дэмжих, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцэхүйц, дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай төгсөгчдийг бэлтгэхэд дэмжлэг болоход оршино. 

Дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд анх удаа 2015 оны 09 сард  Дээд боловсролын байгууллагын хөгжлийг дэмжих тэтгэлэг, байгалийн ухаан, инженер технологи, хөдөө аж ахуйн чиглэлээр судалгааны өрсөлдөөнт тэтгэлэгийг тус тус зарласан болно.

Дээд боловсролын байгууллагын хөгжлийг дэмжих өрсөлдөөнт тэтгэлгийг дараах 8 чиглэлээр олгож байна. Үүнд, 1) дээд боловсролын байгууллагын хөгжлийн тэтгэлгийг сургалтын үйл ажиллагаанд тэргүүн туршлага нэвтрүүлэх, түгээн дэлгэрүүлэх; 2) Гадаадын ижил төстэй дээд боловсролын сургалтын байгууллагатай хамтын ажиллагаа хөгжүүлэх, бенчмаркинг хийх; 3) Их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны чадавхыг бэхжүүлэх, судалгааны үр дүнг түгээн дэлгэрүүлэх; 4) Санхүүжилтийн шинэ эх үүсвэр бий болгох; 5) Сургалтын шинэ хөтөлбөр, дадлагын ажлын  хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх; 6) Сургуулийн  үйл ажиллагааны үр дүн, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх; 7) Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэх; 8) Дэлхийн тэргүүлэх их сургуультай хамтарсан судалгаа, сургалтын үйл ажиллагааг хөгжүүлэх зэрэг болно. Тус өрсөлдөөнт тэтгэлэгт нийт 30 дээд боловсролын байгууллагаас 85 төслийн санал ирсэн. Сонгон шалгаруулалтын дүнгээр 9 их, дээд сургуулийн 18 төсөл шалгарч нэг тэрбум, долоон зуун ерэн долоон сая (1’797’000’000) төгрөгийн санхүүжилттэй тэтгэлэг олгож байна.

Байгалийн ухаан, инженер технологи, хөдөө аж ахуйн чиглэлээр судалгааны өрсөлдөөнт тэтгэлэгт нийт 15 байгууллагаас 192 төслийн санал ирсэн. Сонгон шалгаруулалтын дүнгээр судалгааны 60 төсөл шалгарсан. Байгалийн ухааны чиглэлээр 24, инженер технологийн чиглэлээр 25, хөдөө аж ахуйн чиглэлээр 11 төсөл шалгарч нэг тэрбум, зургаан зуун жаран нэгэн сая, найман зуун наян мянга гурван зуун (1’661’880’300) төгрөгийн санхүүжилттэй тэтгэлэг олгож байна.

Дээд боловсролын чанарын дэмжих, судалгааны нээлттэй орчин бүрдүүлэх зорилгоор дундын ашиглалттай нээлттэй ажиллах 12 лабораторийг байгуулсан ба ирэх 2016 онд 11 лабораторийг байгуулах бэлтгэл хийгдэж байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны Сайд Л.Гантөмөр зохих шаардлага хангаж  шалгарсан  их, дээд сургуулийн байгууллагын хөгжлийг дэмжих чиглэлээр 18 төсөл, судалгааг дэмжих байгалийн ухааны 24 төсөл, инженер технологийн 25 төсөл, хөдөө аж ахуйн 11 төсөл нийт 78 төсөлд 3.5 тэрбум  төгрөгийн санхүүжилттэй тэтгэлгийн батламжийг гардуулж, “Тэтгэлэгт хамрагдсан сургууль, багш, судлаач, эрдэмтийг өөрсдийн шинэ бүтээл, тодорхой үр дүн, шилдэг туршлагыг түгээн дэлгэрүүлэхийн чухал” болохыг онцоллоо.

Дээд боловсролын байгууллагын хөгжлийг дэмжих болон судалгааг дэмжих чиглэлээр МУИС-17, ШУТИС-24, ХААИС-12, АУШУИС-9, МУБИС-4, СУИС-2, Отгонтэнгэр ИС-1, МГТИС-2, Улаанбаатар ИС-1, Идэр ДС-1, Хүмүүнлэгийн ухааны ИС-1, Шинэ Монгол ДС-2, МҮИС-1, Ховд ИС-1 гэсэн нийт 14 сургууль 78 төслийг 2015-2017 онд хэрэгжүүлж, үр дүнг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлнэ.