Монгол эрдэмтдийн 'Шинжлэх ухааны цуврал 10 ном'-ын нээлт болно
2015.12.25

Монгол эрдэмтдийн 'Шинжлэх ухааны цуврал 10 ном'-ын нээлт болно

Монгол эрдэмтдийн бичсэн шинжлэх ухааны цуврал 10 номыг хүүхэд залуучуудад бэлэглэнэ. Тодруулбал, Монгол улсын Шинжлэх ухааны Академиас 2015 оныг “Шинжлэх ухааныг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх жил” болгон зарлаж олон тооны ажлыг зохион байгуулан ажилласан байна.

Энэ ажлын хүрээнд ШУА-ийн эрдэмтэн, судлаачид хүүхэд, залуустаа зориулан “Шинжлэх ухааны хялбаршуулсан цуврал 10 ном”-ыг бичиж хэвлүүлжээ. Цуврал бүтээлүүд нь нийт 10 мянган хувь хэвлэгдсэн бөгөөд бүгд хүүхэд, багачуудын гарт очих юм. Эхний ээлжинд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын 214 сургуульд бэлэглэхээр болсон байна. 

Номын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр болох бөгөөд нээлтэд  БСШУ-ны Сайд Л.Гантөмөр, ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана, НБГ-ын удирдлагууд, цуврал 10 номын зохиогчид, болон номыг сонирхон уншсан хүүхэд багачууд оролцох юм.

Тус цуврал бүтээл нь физик, хими, биологи, ботаник, палеонтологи, түүх, археологи, философи зэрэг шинжлэх ухааны олон салбар чиглэлийн мэдлэгийг хүүхэд, залууст энгийн үгээр, ойлгомжтой хэлбэрээр хялбаршуулан бичсэнээрээ онцлог бөгөөд цаашид жил бүр тасралтгүй цувралаар гарах юм. Цуврал бүтээлийг дараагийн ээлжинд 21 аймгийн ЕБС-ийн сурагчдад хүргэх аж. 

Цуврал 10 бүтээлийг танилцуулж байна. Үүнд: 

1. Академич Р.Тогоо “Орчлонгийн үүсэл”
2. Академич Ц.Оюунсүрэн, доктор Ш.Болдбаатар “Амьдралын үүсэл”
3. Доктор Б.Батсүрэн ”Монголчуудын уг гарвал”
4. Академич Б.Чадраа “Цахилгаан”
5. Доктор Д.Цэвээндорж, доктор Я.Цэрэндагва “Монгол орон: археологийн баян галерей”
6. Доктор Я.Ариунчимэг, доктор Л.Уранбилэг “Монгол орны эртний амьтан ургамал”
7. Доктор Я.Адъяа, доктор Б.Мэндсайхан “Монгол орны экологи ба амьтад”
8. Доктор Х.Түмэннасан “Генетикийн гайхамшиг”
9. Академич Ж.Тэмүүжин, доктор Г.Сэвжидсүрэн “Нанотехнологи”
10. Доктор С.Соёлмаа, магистр Б.Цэрмаа “Орчлон ертөнцийн тухай хүмүний ухаарлын дүр зураг”