Сонгуулийн хуулийг хэлэлцэх үү, хуучнаар нь зүтгүүлэх үү
С.Одонтуяа: Хуулийн төсөл өөрчлөгдөхгүй байж магадгүй
-Ерөнхийлөгчийн өргөн барьсан Улс төрийн намуудын тухай хуулийг өнөөдрийн /2015.12.07- ны өдрийн бүлгийн хурал хурлаар хэлэлцсэн. Намууд өөрийн өмчтэй, байртай байх нь буруу гэж үзээд шинээр өргөн барьсан хуулийг төслийг дэмжиж байгаа. Зарим намууд намын байраа хураалгахгуй гэсэн үүднээс хуулийг төслийн дэмжихгүй байна.
Мөн улсын төсвийн хөрөнгөөр баригдсан хэрнээ бизнесийн хэрэгцээнд орсон намын байрууд байгаа. Сонгуулийн тухай хуулийн ажлын хэсэг хэд хэдэн удаа хуралдсан. Намууд автомат машин болон бусад сонгуулийг хамт явуулах гэсэн хоёр зүйл дээр санал нэгдэхгүй байх магадлалтай байгаа. Хэрвээ энэ асуудал шийдэгдэхгүй бол бид байр сууриасаа ухрахгүй. Тэгэхээр тус хуулийн төсөл өөрчлөгдөхгүй байх магадлалтай.
Хяналтын тооллогын тоог нэмж болох тухайд санал нэгдэж болно. Санал тооллыг хар машинтай холбоотой асуудлаар СЕХ-ноос тайлбар авсан нь оновчтой байх. Саяхан намын бүлгүүдийн ажлын хэсэг хуралдсан. Хэрвээ автомат машины тооллого буруу гэж үзэж байгаа тойргоос сонгогдсон 48 гишүүний санал бүгд буруу эргэлзээтэй гэсэн үг. Сонгууль явагдаад, бүрэн эрхээ хүлээн зөвшөөрөөд, УИХ-д суучихаад тус машиныг найдваргүй гэж ярих нь зохимжгүй. Үүний эргэлзээг тайлахын тулд наана нь тооллого зохион байгуулж болно.
Р.Бурмаа: Хяналтын тополцоо дутмаг байсан бол одоо бүгдийг багтаасан
УИХ-ын гишүүн, ХХАА-ын сайд
-Улс төрийн намуудыг хариуцлагатай болгохын тулд санхүүжилтийн мөнгөнд хяналт тавь. Хууль зөрчвөл мандатыг нь хурааж авч сонгуульд оролцох эрхийг нь хэдэн жилээр хас. Бүүр болохгүй бол татан буулга гэдэг маш ойлгомжтой хариуцлагын тогтолцоо байхад болчихно. Нөгөө талаар улстөрчдийн хийж байгаа үйл ажиллагааны мэдээллийг олон нийтэд ил тод байлгавал тодорхой хэмжээнд үр дүнтэй. Хамгийн гол нь намыг хариуцлагатай болгох ёстой. Яагаад гэхээр нам даалгавар өгч байна шүү дээ. Тэгэхээр УИХ-ын гишүүний эрх мэдлийн хэм хэмжээ ямар байх вэ, намын оролцоо хэр байх вэ гэдэг бүгд ойлгомжтой байх ёстой. Үүнийгээ дагаад эргүүлж татдаг механизм нь тодорхой байх шаардлагатай. Ер нь энэ заагуудыг нарийвчлах хэрэгтэй.
Манай хувьд санал тоолох автомат машины хамгийн сайн хувилбарыг нь авсан гэж үздэг. Муу хувилбарынх нь талаар Скандалл гээд телевизийн кино гарч байсан даа.
Тэр яаж байна вэ гэхээр цаана нь ямар ч нотлох баримт үлдээхгүй байгаа юм. Тэгэхээр программыг засаад л сонгуулийн дүнг өөрчилж байгаа талаар гардаг. Тэгвэл манайх ямар вэ гэхээр нотлох баримт буюу саналын хуудас нь доороо байдаг. 2012 оны сонгуулийн үеэр ганц дутагдалтай зүйл байсан. Тэр нь юу вэ гэхээр хяналтын тооллогын заалт байгаагүй. Харин шинэ хуулийн төсөлд энэхүү хяналтын тооллогын асуудлыг нарийвчилж оруулсан.
Б.Цогггэрэл: Эрх баригч намд Сонгуулийн хуулийг хэлэлцэх хүсэл, зориг алга
/МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга/
-Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэдгийг гурван жилийн өмнөөс ярьсан. Өнөөдрийг хүртэл хэлэлцэхгүй байгаа нь эрх баригч намд ямар ч хүсэл зориг байхгүйн илрэл. Ер нь аливаа хуулийг хэлэлцэхийг хүсэх юм бол хоёр, гурван хоногийн дотор ч баталж болдог гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Сая гэхэд Сонгуулийн хуультай холбоотой дөрвөн ч төсөл УИХ-д өргөн баригдсан. Үндсэн Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэхгүй арга саам хайж байгаа нь хар машинд найдсан, луйврын ардчилалыг тогтоох гэсэн санаархал юм.
Тэгэхээр сонгуулийн дараа байгуулагдах төр нь иргэдийн итгэлийг даахуйц байхын тулд шударга сонгууль явуулах хэрэгтэй гэсэн байр сууриндаа баттай зогсч байна. Сонгууль шударга явахгүй юм бол сонгууль хийх хэрэг байхгүй шүү дээ. Монголын эдийн засаг нийгмийн байдал цаашид хүндрэх төлөвтэй байхад Монгол төрийн хулээн зөвшөөрөгдөх чадвар, нийтийн байх, хууль ёсны байх, ард түмэн сонгогчдынхоо итгэлийг дааж чадахуйц байх гэдэг нэн тэргүүнд тавигдах зорилго. Тиймээс улс төрийн намууд нэгдээд энэ хуулийг нэн яаралтай хэлэлцэхийг хүсч байна.