Хамтын тэтгэврийн хамрах хугацааг Засгийн газар тогтооно
ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ
2015.12.07

Хамтын тэтгэврийн хамрах хугацааг Засгийн газар тогтооно

Хамтын тэтгэврийн хуулийг өчигдөр УИХ баталсан. Шинээр батлагдсан Хамтын тэтгэврийн хууль 2017 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхлэх юм. Хамтын тэтгэврийн хууль батлагдсантай холбогдуулан ХАХНХ-ын сайд С.Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.

 -Хамтын тэтгэврийн хуулийн хамрах хугацаа хэзээнээс тооцсон бэ?

-Хамтын тэтгэврийн хууль 2014 оны нэгдүгээр сарын нэгэнд өргөн баригдсан. Энэ хуулийн үйлчлэх хугацааг 2012 оны нэгдүгээр сарын нэгнээс гэж төсөлд тусгасан байлаа. Учир нь энэ хууль нийгэмд хүлээлт үүсгээд байсан. Харин хэлэлцүүлгийн явцад  тухайн үеийн Засгийн газрын журмаар хууль эргэж үйлчлэх хугацааг нь тогтоохоор боллоо. Хамтын тэтгэврийн хуулинд нөхөр/эхнэрийн  хэн нэг нь нас барьсан тохиолдолд гэр бүлийн хүн нь нөхөр/эхнэрийнхээ тэтгэврийг авах юм. Ингэхдээ бүрэн тэтгэврийн   20-иос доошгүй хувийг шилжүүлнэ гэж хуульчилсан.

Тухайн үеийн нийгэм, эдийн засгийн байдлаас шалтгаалж, Засгийн газар журмаар зохицуулна. Нөгөө талаас нийгэмд тэтгэвэр нэмж байна гэж ташаа ойлголт яваад байна. Энэ бол нөхөр, эхнэр хоёрын хамтын баялаг. Гэрлэлтээ батлуулаад  15 жил болсон, нийгмийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн нөхөр/эхнэрт энэ хууль хамаарна. Ахмад настнууд өөрсдийнхөө тэтгэврээр амьдардаг. Өөр орлогын эх үүсвэргүй. Тиймээс ахмадуудаа дэмжсэн бодлого юм.

 -Хамтын тэтгэврийн хууль хэрэгжсэнээр төсөвт хэдий хэмжээний ачаалал нэмэгдэх вэ?

-Жилдээ 12000-13000 хүн нийгмийн даатгалаас оршуулгын тэтгэмж авдаг. Үүнээс 60 орчим хувь нь ахмад настнууд байдаг. Тухайн жилээсээ шалтгаалдаг. Тогтсон тоо байхгүй. Нас барсан хүмүүсээс  оршуулгын тэтгэмжинд хамрагдах боломжгүй ч хүмүүс байдаг.  

 -Эхнэр, нөхрийн насны зөрүүг хуулиар зохицуулсан уу? Хэн нэг нь 20 хүртэл ах бол хууль үйлчлэхгүй гэж яригдаж байсан.

-Насны зөрүүг хуулинд тусгаагүй. Гэрлэлтээ батлуулаад доод тал нь 15 жил хамт амьдарсан байх шаардлагатай.  Нөхөр/эхнэрийн аль нэг нь нас барсан тохиолдолд  хань ижил нь  тэтгэврийн насанд хүрээгүй тохиолдолд 5 жилийн хүлээлтийн хугацааг тусгаж өгсөн. Хамтын тэтгэвэр бол эхнэр нөхрийн  бүтээсэн  гэр бүлийн хуримтлал юм.

 -Хууль буцаж үйлчлэх үед аав ээж нь өнгөрсөн тохиолдолд үр хүүхдэд нь өвлүүлэх үү?

-Хамтын тэтгэврийг үр  хүүхдэд нь өвлүүлэхгүй. Өвлүүлэх тухай ойлголт байхгүй.  Гэр бүлийн эхнэр, нөхөрт үйлчилнэ. Хэн нэг нь хорвоогийн мөнх бусыг үзлээ гэхэд үлдэж байгаад нь зориулах нийгмийн хамгааллын бодлого. Тухайн хүн өөрөө насаараа бий болгосон хуримтлал.

 -20 жил хамт амьдраад үр хүүхдээ төрүүлсэн нөхөр, эхнэр хоёр саяхнаас гэрлэлтээ бүртгүүлсэн бол энэ хууль үйлчлэх үү?

-Хууль бус зүйлийг дэмжихгүй. Гэрлэлтээ батлуулахгүй байна гэдэг чинь хариуцлагаас зугатаж байна гэсэн үг.