Баянхогор, Говь-Алтай, Завхан аймгуудад хамтарсан баг ажиллалаа
Баянхогор, Говь-Алтай, Завхан аймгуудад хамтарсан баг ажиллалаа
2015.12.04

Баянхогор, Говь-Алтай, Завхан аймгуудад хамтарсан баг ажиллалаа

Жендэрийн эрх  тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх  дэд хөтөлбөр боловсруулах, Хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх “Нэг цэгийн үйлчилгээ”-ний төвийн үйл ажиллагаатай танилцаж, хяналт тавих зорилгоор Жендэрийн үндэсний хороо болон холбогдох төлөөллөөс бүрдсэн хамтарсан баг 2015 оны 9 дүгээр сарын 03-наас 9 дүгээр сарын 13-ны өдрүүдэд Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймгуудад ажиллаад ирлээ.

Тус ажлын хүрээнд Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймгуудын удирдах албан тушаалтнууд болон Жендэрийн салбар хорооны гишүүдтэй Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх дэд хөтөлбөр боловсруулах, хуулийн хэрэгжилтийг хангахад шаардлагатай төсвийг орон нутгийн төсөвт тусгах асуудлаар тус тус уулзалтуудыг хийсэн.

Энэхүү ажлын үр дүнд Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймгуудын Засаг дарга нарын захирамжаар Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх дэд хөтөлбөр боловсруулах ажлын хэсгүүд  байгуулагдаж 2015 оны 11 дүгээр сарын 25-ны дотор дэд хөтөлбөрийг боловсруулан Аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахаар ажиллаж байна.

Мөн энэ үеэр Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлдэг “Нэг цэгийн үйлчилгээний төв”-үүдийн туршлага солилцох уулзалт Завхан аймаг дах Цагдаагийн газрын дэргэдэх “Нэг цэгийн үйлчилгээ”-ний төвд болж өндөрлөлөө.

Тус уулзалтаар хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх байр, орчин нөхцөлтэй танилцаж, “Нэг цэгийн үйлчилгээ”-ний төвүүдийн өөрсдийн  онцлогт тохирсон үйлчилгээг хэрхэн үзүүлж буй арга туршлагаа хуваалцаж, цаашид шинээр нэвтрүүлэх үйлчилгээний хэрэгцээ шаардлага болон тулгамдаж буй асуудлаа хэлэлцэн, шийдвэрлэх арга замаа тодорхойлсон чухал арга хэмжээ боллоо.