Халх голын маргаан юу болов?
Халх гол чөлөөт бүсийг байгуулах 75 тоот тогтоолыг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нарын гишүүд эсэргүүцэж байгаа юм. Тэд Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хөдөө аж ахуйн бүс байгуулах нь зүйтэй хэмээн үзэж тогтоолын төсөл өргөн барьсан. Энэ нь үндсэндээ 75-р тогтоолыг цуцлуулах зорилготой гэж төслийн санаачлагч УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хэлсэн юм. Түүнээс энэ талаар тодрууллаа.
Та болон бие даагч гишүүд Халх голын чөлөөт бүсийн асуудлыг эсэргүүцэж Органик үйлдвэрлэл хөгжүүлэх хуулийн төсөл өргөн барьсан. Гэтэл өнгөрсөн долоо хоногт Халх голын асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг болж өнгөрлөө. Үүнээс харахад Халх голыг чөлөөт бүс болгох төсөл хэрэгжих юм биш үү. Таны өргөн барьсан төсөл юу болсон бэ?
-Халх голыг чөлөөт бүс болгож болохгүй гэж нутгийн иргэдээс гадна, эрдэмтэн судлаачид хэлж байгаа. Ялангуяа 500 мянган га газрыг чөлөөт бүс болгоно гэдэг бол дэлхийд байхгүй хэмжээ юм. Гэтэл яагаад зүтгүүлээд байгааг гайхаж байна. Цаана нь ямар нэг зүйл байна гэж бодож байна. Мөн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт “Хөдөө аж ахуйн Халх гол чөлөөт бүс” гэдэг сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг хийсэн гэж байгаа боловч хаалттай хэлэлцүүлэг хийлээ. Хаалттай гэж байгаагийн учир нь нэг ч УИХ-ын гишүүн уриагүй, үг хэлэх хүмүүс нь тодорхой ийм хэлэлцүүлэг болсон.
Малгайг нь “Хөдөө аж ахуйн Халх гол чөлөөт бүс” гээд тавьчихсан болохоос хуучин ярьдаг байсан асуудлаа л ярьсан байна лээ. Р.Бурмаа гишүүн Дорнод аймагт очоод “Хятадууд 100 тэрбумын хөрөнгө оруулалт хийх гээд байхад та нар эсэргүүцээд байх юм. Болохгүй бол та нарыг өөр аймаг руу явуулна” гэж ярьж байна гэсэн. Гадны улсууд зүгээр мөнгө өгнө гэж би бодохгүй байна. Хоёрдугаарт нээлттэй хэлэлцүүлэг дээр төслийн захирагч Ж.Энхжаргал “Чөлөөт бүс болгох газрын хэмжээ том гэж шүүмжилж байна. Гэтэл Бразилд сая га байдаг юм” гэж ярьсан. Бразилд органик үйлдвэрлэлийн хөдөө аж ахуйн бүс сая га байдаг болохоос биш чөлөөт бүс бол дэлхийд тийм том хэмжээгээр хаана ч байхгүй. Хамгийн том чөлөөт бүс бол Шанхайн чөлөөт бүс. Тэгэхээр үүний цаана гадны лоббид орсон ашиг сонирхол явж байна гэж би хардаж байна.
-Таны өргөн барьсан хуулийн төслийг хэзээ хэлэлцэх вэ?
-Миний өргөн барьсан хуулийн төсөл бол Органик үйлдвэрлэлийн хөдөө аж ахуйн бүс нутаг болгож Халх голыг хөгжүүлэх ийм хуулийн төсөл юм. Олон улсад 1980-аад оноос хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Тиймээс энэ арванхоёрдугаар сард багтааж УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ гэж бодож байна гэв.
Одоогоор Халх голыг тойрсон маргаан эцэслэн шийдэгдээгүй байгаа ч “Хөдөө аж ахуйн Халх гол чөлөөт бүс” нээлттэй хэлэлцүүлэгтэй холбогдуулан маргаан нэг тийш шийдэгдэж магадгүй бололтой. Ямартай ч Х.Болорчулуун гишүүний өргөн барьсан төлслийг УИХ дэмжих эсэхээс бүх зүйл шалтгаална.