Компаниуд импортолсон нефтийн хэмжээ, ашгаа их хэмжээгээр нуун дарагдуулдаг байж болзошгүй
2012.01.25

Компаниуд импортолсон нефтийн хэмжээ, ашгаа их хэмжээгээр нуун дарагдуулдаг байж болзошгүй

Валютын ханш, шатахууны үнийн өсөлтөөс болж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өссөн асуудалд Эдийн засгийн байнгын хороо анхаарал хандуулав. Үнийн өсөлтийн шалтгаан, цаашид авах арга хэмжээний талаарх санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг энэ сарын 10-нд тус Байнгын хорооноос байгуулсан. Шатахууны үнэ өссөн шалтгааны zandanshatar-11талаар Монголбанк, Газрын тосны газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Ажлын хэсэгт мэдээлэл ирүүлсэн юм байна. Тэдгээртэй танилцаж, урьдчилсан дүгнэлт гаргаснаа өчигдөр нээлттэй хэлэлцүүлгийн үеэр танилцуулсан юм. С.Бямбацогт, Ц.Сэдванчиг, Р.Раш нар орсон Ажлын хэсгийг Д.Ганхуяг ахалжээ. ШӨХТГ-ын дүгнэлтэд бичсэнээр шатахууны үнийг нэмэх бодит шалтгаан байгаагүй юм байна. Манай гол нийлүүлэгч “Роснефть” компани бүтээгдэхүүнийхээ үнийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш тогтвортой мөрджээ.

 

2011оны аравдугаар сард А92 бензиний үнэ тонн нь 1280 ам. доллар байв. Одоо ч энэ үнэ хэвээрээ. Долларын өсөлт нөлөөлсөн гэж үзвэл А80, А92 бензин 112-138, дизель түлш 144 төгрөгөөр өсөхөөр байж. Гэтэл манай компаниуд үгсэн хуйвалдах замаар 235-240 төгрөгөөр нэмж их ашиг олжээ. Энэ нь илчлэгдэж Өрсөлдөөний тухай хуулийн дагуу импортлогч аж ахуйн нэгжүүдэд 10 гаруй тэрбум төгрөгийн торгууль ногдуулжээ. Монополь компаниуд үүнийг эсэргүүцэж шүүхэд хандаад байгаа гэнэ. Монголбанкны дүгнэлтээр валютын ханшны өсөлт нь үнийг огцом нэмэх шалтгаан биш бололтой.

Өнгөрсөн оны сүүл, энэ сард давамгай эрхтэй компаниуд арилжааны банкуудаас 128.4 сая доллар нэг бүрийг 1388 төгрөгөөр худалдаж авсан нь тогтоогдсон байна. Тэгэхээр ард түмний нуруун дээрх хүнд ачааны буруутан нь доллар бус давамгай эрх, улстөрч эзэнтэй “Шунхлай”, “Магнайтрейд”, “”Жаст ойл”, “НИК”, “Сод Монгол” зэрэг компани болж таарч байна. Импортлогч зарим компанийн төлөөлөл хэлэлцүүлэгт оролцов. Гишүүд болон төрийн бус байгууллагын төлөөлөл, зарим эдийн засагч энэ үеэ байр сууриа илэрхийллээ.

Д.Ганхуяг (УИХ-ын гишүүн):-Олон улсын зах зээлд ам. доллар, газрын тосны бүтээгдэхүүний үнэ сүүлийн саруудад өсөөгүй. Гэтэл энэ хэмжээгээр шатахууны үнэ буурсангүй. Ам. долларын ханш хэсэг хугацаанд өссөн нь нөөцөд байсан болон нэгэнт оруулж ирээд борлуулж байсан шатахууны үнэд нөлөөлөх шалтгаан болохгүй. ШӨХТГ-ынхан хуулийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаагүй нь бензин, шатахууны үнийг зохиомлоор өсгөхөд нөлөөлсөн.

Н.Дашзэвэг (Эдийн засагч):-Импортлогч компаниудын санхүүгийн тайлан, ашиг, орлогыг нь үзсэн хүн байна уу. Зардлын бүтцийг нь судалж үзэх хэрэгтэй. Нефтийн импортыг төр өөртөө авах тухай ярьж байсан асуудал юу болж байгаа вэ?

-Д.Ганхуяг:-Компаниудын санхүүгийн тайлантай ШӨХТГ танилцаж гаргасан дүгнэлтээ Ажлын хэсэгт ирүүлсэн. Жижиглэнгээр худалдах нь ашиг бага, бөөнөөр борлуулах нь ашиг ихтэй гэсэн дүгнэлт гарсан. Компаниуд ч өндөр ашгийн төлөө томоохон уул уурхай, төмөр зам, нислэгийн компаниудад бөөнөөр нь нийлүүлэхийг илүүд үздэг юм байна. Нийт шатахууны 60 хувийг бөөнөөр нь борлуулж, их ашиг олдог юм байна. Шатахууны импортод төр нь оролцдог Япон, БНСУ-ын туршлага байна. Үнэ нь байнга савлаж байдаг учир нефть худалдаж авах гэрээг хийхдээ дундаж үнэ тогтоож Тогтвортой байдлын гэрээ байгуулдаг. Тэр үнээр нь тусгай зөвшөөрөлтэй компаниуд нефть импортолдог. Үүнийг судалж үзмээр санагдсан. ШӨХТГ-ын мэргэжилтэн Ариунболдын хэлснээр нийт борлуулалтын 3-5 хувь нь аж ахуйн нэгжүүдэд ашиг болж очдог юм байх.

Б.Батбаяр (УИХ-ын гишүүн):-Нефть импортолдог аж ахуйн нэгжүүдэд төр, засаг байж болох бүхий л татварын хөнгөлөлт үзүүлсэн. Нөөц бүрдүүл гэж өгсөн мөнгөөр бизнес хийгээд явж байсан. Нөөцөд байсан бензин чинь ууршаад үгүй болчихлоо гээд 20-иод тэрбум төгрөгийг татвар төлөгчдийн хөрөнгөнөөс авсныг нь би мэднэ. Оросууд экспортын татвараа нэмсэн гэж юу яриад байгаа юм бэ. Тэрийг чинь импортлогч тал биш экспортолж буй оросууд төлөх ёстой. Эсвэл та нар ийм татвар зохиогоод мөнгө цохидог байхыг үгүйсгэхгүй. Нефтийн импортыг төр мэдэлдээ авах ёстой.

НИК-ийн захирал Халиунбат: Бид “хил”-ийн үнээр нефтээ импортолдог. Оросууд цаанаасаа бүх зардлаа хариуцаад хил дээр хүргэж өгдөг. Экспортын татварыг бидэнд худалдсан үнэдээ шингээж өгдөг. Монголд борлуулсны ашиг 4-5 хувь болдог. Ийм уур амьсгалд хэлэлцүүлэг өрнөв. Шатахуун импортлогч талын төлөөлөгчийн арьсаа хамгаалсан тайлбарт оролцогч талууд итгэсэнгүй. Давамгай эрхтэй компаниудын зүгээс хэлж байгаа үг ч заримдаа хүмүүсийн уур цухлыг барж байлаа. Тэдний төлбөрөө барагдуулдаг валют нь ам. доллар. Гэтэл Монголбанкнаас зохион байгуулдаг долларын дуудлага худалдааг мэддэггүй байсан гэж хэнэгч үгүй хэлж байлаа. Энэ үйл ажиллагаа нь валютын огцом хэлбэлзлийг зөөлрүүлэх зорилгоор хийгддэг ажил аж. Арилжааны банкуудын хэлсэн, тулгасан үнэ, өгсөн хэмжээгээр нь доллар авдаг байсан гэж Халиунбат ярих шиг болсон.

Монголд импортолж буй газрын тосны бүтээгдэхүүний 20.4 хувийг “НИК”, 14.6 хувийг “Магнайтрейд”, 11.4 хувийг “Шунхлай”, 10.2 хувийг “Петровис”, 8.7 хувийг “Монпетекс” ХХК хариуцдаг аж. Эдгээр компани нийт борлуулалтаас 4-5 хувийн ашиг олдог гэж өөрсдөө “баталсан”. Ажлын хэсгийн урьдчилсан дүгнэлтээс үзвэл тэд төрийг бас хуурч байгаа бололтой. Төсөлд тэднийг 20.6 хүртэл хувийн ашиг олдог байж болзошгүй гэж үзжээ. Зарим компанийн танилцуулсан импортолсон бүтээгдэхүүний хэмжээ Газрын тосны газар, Гаалийн ерөнхий газрын мэдээнээс ихээхэн зөрүүтэй байгаа нь анхаарал татаж байна. Хэлэлцүүлгийн үеэр ярьсан баримтуудад түшиглэж дүгнэвэл нэр бүхий аж ахуйн нэгжүүд импортолсон нефтийн хэмжээ, борлуулалтаас олсон ашгаа ихээхэн хэмжээгээр нуун дарагдуулдаг байж болзошгүй аж. Энэ бүхнийг нухацтай нягтлан үзээд л гаргасан дүгнэлтээ ойрын үед УИХ-д танилцуулна гэж Ажлын хэсгийн ахлагч Д.Ганхуяг хэлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.