Бүгд найрамдах улс тунхагласны 91 жилийн ойн мэндчилгээ
Эх орон нэгт монголчууд аа, Элэг нэгт ахан дүүс ээ!
Та бүхэндээ Монгол Улс хүн төрөлхтний төрт ёсны хөгжил дэвшил-Бүгд Найрамдах байгуулалд шилжин орсны 91 жилийн ойн баярын чин сэтгэлийн мэндчилгээг өргөн дэвшүүлье.
Одоогоос 91 жилийн тэртээ 1924 оны 6 дугаар сарын 3-нд хуралдсан Монгол Ардын Намын Төв Хорооны Тэргүүлэгчдийн хурал улс оронд Бүгд Найрамдах засаг тогтоох тухай шийдвэр гаргасныг Төв Хорооны бүгд хурлаар хэлэлцэн баталж, “харьяат Бүгд Найрамдах ардын засгийг явуулж, … улсын бүх дээд эрхийг Улсын Их Хурал, мөн хурлаар сонгогдсон Засгийн газар хадгална” гэж тогтоожээ. Иймээс БНМАУ-ын анхдугаар хурал хуралдаж 1924 оны 11 дүгээр сарын 26-нд Ардын Бүрэн Эрхт Бүгд Найрамдах Улсыг тунхаглан, анхдугаар Үндсэн хуулийг баталсан билээ.
Уг Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлд: “Бүх Монгол улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн Эрхт Ард Улс гэж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн, улсын аливаа хэргийг Улсын Их Хурал, тус хурлаар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүсэглэн дагавал зохино” гэж заажээ. Ийнхүү манай улс ХХ зууны хүн төрөлхтний улс төрийн дэвшилтэт үзэгдэл-Бүгд Найрамдах байгуулалд шилжин орсон Ази тивийн анхны улс түмний нэг болсон юм.
Түүнчлэн Монгол Улс түүхэндээ анх удаа Бүгд найрамдах байгууллыг тунхагласан Үндсэн хуультай болсон байна. Энэхүү Үндсэн хуулийн үзэл баримтлалын цөм нь үндэсний ардчилсан үзэл байлаа.
Үндсэн хуулийнхаа дагуу 1924 онд Монгол оронд анх удаа парламентат ёсыг хэрэгжүүлж Улсын Их Хурал, Улсын Бага Хурлыг байгуулсан билээ. Энэ бүхэн нь 1206 онд тунхагласан нэгдсэн Монгол Улсын Их хурилдай, 1911 онд тусгаар тогтнолоо дахин сэргээсэн Монгол улсын Дээд, Доод хурлын үйл ажиллагааны уламжлалыг ч зохих хэмжээгээр харгалзан үзсэн хэрэг юм. Үндсэн хуульд хүний эрх, эрх чөлөөг өргөн буюу харьцангуй цогц утгаар тавьж, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн нэгэн адил тэгш эрхтэй болохыг өрнө, дорнын сонгодог ардчилсан орнуудаас ч өмнө хуульчилсан байдаг.
1940, 1960 оны Үндсэн хуульд ангийн шинж чанар гүнзгийрч байсан боловч анхны Үндсэн хуулиар тунхагласан Бүгд Найрамдах байгууллын үзэл санааны залгамж чанар хадгалагдсаар 1992 оны ардчилсан шинэ Үндсэн хуульд жинхэнэ утгаараа тусгагдан амьдралд хэрэгжсэн билээ. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал тавигдаж буй өнөөгийн нөхцөлд ч улс төрийн тогтолцоо нь парламентын Бүгд Найрамдах Улс байх чиг шугам урьдын адил хадгалагдана гэж үзэж байна.
Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсан цагаасаа Улс эх орны язгуур эрх ашиг Тусгаар тогтнолын төлөөх бүх ард түмний хүсэл зорилгын нэгдэл, эв санааны илэрхийлэл болсон төрмөл үнэт зүйлтэй нам юм. Энэ нь нийгмийн хөгжлийн явцад урган гарч ирсэн иргэдийн үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө, эд хөрөнгөжин баяжих олдмол эрх ашиг дээр суурилсан бусдын үнэт зүйлээс илүү үнэ цэнэтэй билээ.
Эх орны тусгаар тогтнол үнэт зүйлийнхээ төлөө амь биеэ үл хайрлан байлдан тэмцэж, батлан хамгаалж, хүн ардаа эрүүлжүүлэх, соён гэгээрүүлэх, улс орноо хөгжүүлэхийн төлөө хөлс хүч, хөдөлмөр зүтгэлээ зориулан их бүтээн байгуулалтыг удирдан чиглүүлж ирсэн түүхэн баялаг туршлага манай намд бий.
Монгол Ардын Нам иргэн бүр нь эрх, эрх чөлөөгөө бүрэн дүүрэн эдэлсэн, нийгмийн амьдралын бүхий л салаа мөчирт ардчиллыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлсэн, эдийн засаг нь эрчимтэй хөгжиж сэргэн мандсан шинэ Монгол Улсын төлөө бүхнээ зориулах болно.
Бүгд Найрамдах Улс тунхагласны 91 жилийн ой бол Улс орноо дундад зууны бөглүү түгжигдмэл байдлаас ангижруулан, Монгол Улсын үндэсний тусгаар тогтнол, төрийн бүрэн эрхт байдлыг амь биеэ үл хайрлан хамгаалж ирсэн эх орончид, ахмад үеийнхээ түүхэн гавъяаг дурсан тэмдэглэх баяр гэдгийг мартах учиргүй.
Тусгаар тогтносон Бүрэн эрхт Монгол Улс минь өнө мөнхөд үүрд мандан бадрах болтугай!
МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА, УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА М.ЭНХБОЛД