Монгол Улсын Их Хурал, БНХАУ-ын БХАТИХ хоорондын анхдугаар уулзалт боллоо
Монгол Улсын Их Хурал, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хоорондын байнгын уулзалтын механизмын анхдугаар уулзалт өнөөдөр /2015.11.23/ Төрийн ордонд боллоо.
Анхдугаар уулзалтыг УИХ-ын гишүүн, Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүн Д.Тэрбишдагва даргалан явуулсан бөгөөд Монголын талаас оролцож буй төлөөлөгчдийг танилцуулсан юм. Энэ удаагийн уулзалтад УИХ-ын дэд дарга, Монгол-Хятадын парламент хоорондын байнгын уулзалтын механизмын Монголын талын дарга, Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн, Монгол-Хятадын парламентын бүлгийн дэд дарга Г.Батхүү, УИХ-ын гишүүн, Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүн Р.Бурмаа, С.Одонтуяа, Г.Уянга, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон албаны бусад хүмүүс оролцсон.
Монгол Улсын Их Хурал, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал /БХАТИХ/ хоорондын Байнгын уулзалтын механизмын анхдугаар уулзалтад Хятадын талаас оролцож буй төлөөлөгчдийг БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны гишүүн, Хятад-Монголын парламентын бүлгийн дарга Цау ВэйЖуо танилцуулав.
Анхдугаар уулзалтад БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга, Монгол-Хятадын парламент хоорондын байнгын уулзалтын механизмын Хятадын талын дарга хатагтай Янь Зюньчи, БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны гишүүн, Үндэстний хорооны дэд дарга, Хятад-Монголын парламентын бүлгийн дэд дарга Юнь Фэнь, БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны гишүүн, Санхүү, эдийн засгийн хорооны дэд дарга У Риту, БНХАУ-ын БХАТИХ-ын Хууль зүйн хорооны гишүүн Хуан Ханьбяо, БНХАУ-ын БХАТИХ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёл, эрүүл мэндийн хорооны гишүүн Жан Хэпин, БНХАУ-ын БХАТИХ-ын Хөдөө аж ахуй, хөдөө нутгийн хорооны гишүүн Бао Кэшинь, БНХАУ-ын БХАТИХ-ын Санхүү, эдийн засгийн хорооны гишүүн Уян Чанчюн болон албаны бусад хүмүүс оролцсон юм.
УИХ-ын дэд дарга, Монгол-Хятадын парламент хоорондын байнгын уулзалтын механизмын Монголын талын дарга, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга М.Энхболд хурлыг нээж үг хэлсэн бөгөөд тус уулзалтад оролцож буй төлөөлөгчдөд УИХ-ын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байгаагаа илэрхийлсэн.
Тэрбээр,”Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНХАУ-ын дарга Си Зиньпин 2014 оны 8 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын тэргүүн “Монгол Улс, БНХАУ хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурсан. Уг хамтарсан тунхаглалд “Талууд хоёр улсын парламент хооронд байнгын уулзалтын механизм байгуулахыг дэмжинэ” гэж заасан байдаг. Улмаар Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд 2014 оны 10 дугаар сард БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үеэр Монгол Улсын Их Хурал, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хоорондын байнгын уулзалтын механизм байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичигт хоёр орны парламентын дарга нар гарын үсэг зурсан.
Тус санамж бичгийн хүрээнд анхны энэхүү уулзалт зохион байгуулагдаж байгаад баяртай байна” гэж хэллээ.Түүнчлэн УИХ-ын дэд дарга М.Энхболд, БНХАУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд өнөөдөр Монгол, Хятадын харилцаа түүхийн хамгийн таатай үедээ байгааг тэмдэглэхэд таатай байна гээд 1994 оны “Монгол Улс, БНХАУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ” болон 2014 оны “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-ын үзэл санааны дагуу манай хоёр орны улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, аюулгүй байдал, нийгэм соёлын бүхий л салбарын хамтын ажиллагаа гүнзгийрэн хөгжиж буйд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлье.
Бидний өнөөдрийн энэхүү уулзалт нь хоёр орны харилцааг хөгжүүлэхэд шинэ түлхэц өгнө гэдэгт итгэлтэй байна гэлээ. Тэрбээр, Хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын байнгын уулзалтын механизмын анхдугаар уулзалт Монгол Улсад Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойн жилд зохион байгуулагдаж буйд баяртай байна хэмээгээд энэхүү механизмыг сайтар ашиглан хоёр улсын хууль тогтоох байгууллагын бүх шат, чиглэлийн байгууллагын харилцаа, хамтын ажиллагааг цогцоор урагшлуулж, хоёр талын хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг нэмэгдүүлэх нь хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа гүнзгийрэн хөгжих улс төрийн чухал баталгаа болно гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.
Түүний дараа БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга, Монгол-Хятадын парламент хоорондын байнгын уулзалтын механизмын Хятадын талын дарга хатагтай Янь Зюньчи анхдугаар уулзалтын төлөөлөгчдөд хандан үг хэлсэн юм.
Хатагтай Янь Зюньчи, Энэ удаагийн айлчлалын зорилго Хятад, Монголын харилцаа болон хоёр парламентын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар хэлэлцэх гэж онцолсон. Тэрбээр сүүлийн жилүүдэд хоёр талын хамтын хүч чармайлтаар хоёр улсын харилцаа хурдацтай хөгжиж буйг харахад таатай байна гэлээ.
БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга хатагтай Янь Зюньчи, хоёр талын өндөр түвшний айлчлалууд үр дүнтэй болж өнгөрлөө гээд өнгөрсөн онд БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад амжилттай айлчилж, 2015 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар БНХАУ-д арга хэмжээнд оролцсоноос гадна саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Хятадад хийсэн төрийн айлчлал амжилттай болсныг дурдлаа. Тэрбээр, хоёр улсын харилцаа бүх салбарт амжилттай хөгжихөд хоёр улсын удирдлагын алсын хараа, парламентын харилцаа чухал үүрэг гүйцэтгэсэн болохыг тодотгосон юм.
Эрхэмсэг хатагтай Янь Зюньчи, парламент нь ард түмнийг төлөөлж, тэдний санаа бодлыг илэрхийлдэг хэмээгээд, парламентын солилцоо нь улс төрийн итгэлцлийг нэмэгдүүлэх, бүх салбарын бодит хамтын ажиллагааг хөгжүүлэх, ард түмний найрамдлыг гүнзгийрүүлэхэд орлуулшгүй үүрэг гүйцэтгэдэг гэж онцолсон. Ингээд тэрбээр Монгол-Хятадын парламент хоорондын байнгын уулзалтын механизмыг хөгжүүлэх талаарх саналаа төлөөлөгчдөд танилцуулсан. Яриа хэлэлцээг нэмэгдүүлж, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, мөн харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх нь чухал гэж тэрбээр хэлсэн. Хамгийн чухал нь хоёр орны харилцааны бүрэн байдал, ирээдүйн хөгжлийг харгалзаж, сонирхлоо харилцан хүндэтгэж, зөрчлийг зохистой шийдэн, бие биеэ анхааралтай сонсож, асуудлыг шийдэх аргыг хамт ярилцаж байж сайн хөршийн замд хамт явах болно гэж хэлсэн юм.
Түүний дараа УИХ-ын гишүүн, Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүн С.Одонтуяа Хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа, солилцоо сэдвээр, БХАТИХ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёл, эрүүл мэндийн хорооны гишүүн Жан Хэпин Соёл, боловсрол, залуучууд, хэвлэл мэдээллийн солилцооны талаар илтгэл тавьж, БХАТИХ-ын Байнгын хорооны гишүүн, БХАТИХ-ын Санхүү, эдийн засгийн хорооны дэд дарга У Риту Хятадын эдийн засгийн байдал, “13 дахь 5 жилийн төлөвлөгөө”-ний тухай танилцуулга хийсэн. Мөн УИХ-ын гишүүн, Монгол-Хятадын парламентын бүлгийн дэд дарга Г.Батхүү Монгол Улсын эдийн засгийн байдал, хоёр орны худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааны талаар танилцуулга хийж, БХАТИХ-ын Санхүү, эдийн засгийн хорооны гишүүн Уян Чанчюн Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар үг хэлсэн.
Түүнчлэн БХАТИХ-ын Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны хорооны гишүүн Бао Кэшинь Хятад -Монголын Хөдөө, аж ахуйн салбарын хамтын ажиллагааны талаар, УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Монголын хөдөө аж ахуйн салбарын хөгжил, энэ салбар дахь хоёр орны хамтын ажиллагааны талаар танилцуулга хийсэн юм. Танилцуулгатай холбогдуулан гишүүд харилцан санал солилцлоо