Н.Батцэрэг “Евро-Азийн уулархаг бүс нутгийн АЖ-ыг хөгжүүлэх” II чуулга уулзалтанд оролцлоо
БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг, Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Маргад нар энэ сарын 14-16-ны өдрүүдэд БНСУ-д зохион байгуулагдсан “Евро- Азийн Уулархаг бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх” II чуулга уулзалтанд оролцлоо.
Уг чуулга уулзалтыг Дэлхийн аялал жуулчлалын байгууллага /ДАЖБ/ болон БНСУ- ын Соёл, спорт, аялал жуулчлалын яам хамтран зохион байгуулсан бөгөөд дэлхийн 60 гаруй байгууллагын төлөөлөл оролцон Евро-Азийн уулархаг бүс нутагт оршиж буй улсууд хэрхэн хамтарч уг аялалыг эрчимтэй хөгжүүлэх талаар сайд нарын дугуй ширээний уулзалт хийлээ.
Чуулганаар дараах үндсэн 6 сэдвийн хүрээнд холбогдох байгууллагын төлөөлөл, судлаачид болон их дээд сургуулийн эрдэмтэн докторууд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн өргөн хэмжээний, үр дүнтэй уулзалт боллоо. Сэдвийн хувьд:
- Европ болон Азийн уулархаг бүс нутгийн аялал жуулчлалын хөгжлийн ялгаа, шилжилт
- Уулархаг бүс нь хотын дэд бүс – Зорих цэгийг хөгжүүлэх, байгаль болон хот суурин газрын орон зай
- Дэлхий нийтийн анхаарлыг ашиглах өвөрмөц боломж – Эерэг дүр төрх бий болгох, зорих цэгүүдийг дахин сэргээх, эдийн засгийн үр нөлөөг нэмэгдүүлэх
- Уулархаг бүс нутгийн аялал жуулчлалын амралтын газруудын хүртээмж болон нээлттэй байдал
- Хүн ам зүйн тулгамдсан асуудлуудыг шийдэх стратеги болон нуугдмал зах зээлд шинэ үйлчлүүлэгч олох
- Нэгдсэн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын урамшуулал, дэд бүтцийн хөгжил төр хувийн хэвшлийн түншлэлийн зохицуулалт гэсэн сэдвийн хүрээнд явагдсан юм.
Энэхүү чуулганы үеэр БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг ДАЖБ- ын ЕНБД ноён Талиб Рифай, БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын сайд ноён Ким Жеандог болон БНСУ-ын Улсан хотын захирагч ноён Ким Ги Хеон нартай тусгайлан уулзаж аялал жуулчлалын салбарт хэд хэдэн зүйл дээр хамтран ажиллахаар тохиролцсон юм.
Сайд Н.Батцэрэгийн ДАЖБ- ын ЕНБД ноён Талиб Рифайтай уулзсан уулзалтын гол үр дүнг тоймловол:
1. ДАЖБ-ын зүгээс 2016 онд Монгол улс уруу дэлхий нийтийн аялагчдын анхаарлыг хандуулах үйл ажиллагаа явуулах бөгөөд уг ажлыг эрчимжүүлэх талаар шаргуу ажиллана гэсэн амлалт авсан.
2. Энэхүү ажлын хүрээнд ДАЖБ болон Монгол Улсын Засгийн газар, БОНХАЖЯам хамтран манай улсад “NOMADIC TOURISM” буюу “Нүүдэлчдийн аялал” нэрийн дор монголд анх удаа дэлхийн хэмжээний томоохон хурал зөвлөгөөнийг ирэх онд хийхээр тохиролцсон ба уг үйл ажиллагааг манай улсын төсөвт дарамт учруулахгүй байхаар зохион байгуулж, дэмжин ажиллана гэлээ.
Хурлыг зохион байгуулснаар манай орны нүүдлийн соёл иргэншлийг гадаад улсад сурталчилах нэг чухал ажил болох юм.
Монгол Улс "Ай Ти Би Берлин-2015" олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцсоноос хойшхи гадаад маркетингийн үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэх ажлын нэг хэсэг болох юм.
“Евро-Азийн уулархаг бүс нутгийн АЖ-ыг хөгжүүлэх” II чуулга
Хуралд ДАЖБ-ын 60 гаруй байгууллага оролцох ба тухайн орны аялал жуулчлалын чиг хандлагыг тодорхойлогч эрхмүүд болох сайд, төрийн байгууллага, агентлагийн дарга нарын төвшингийн уулзалт болно.
3. Аялал жуулчлалын салбарын боловсон хүчнийг чадавхижуулах тал дээр тууштай хамтран ажиллах шийдвэр гаргасан бөгөөд Испани улс дах ДАЖБ-ын төв байгууллага дээр танилцах дадлага хийх, Монгол Улсын төлөөлөлийг Испани улсад ажиллуулахаар харилцан тохиролцоод иржээ.
ДАЖБ-аас цаашид Монгол улсыг "Нүүдэлчдийн аялалын манлайлагч улс орон" байж энэ аялалыг Монгол улсгүйгээр төсөөлөхийн аргагүй байх хэмжээнд хүргэн ажиллах тал дээр БОНХАЖЯамтай хамтран ажиллах шийдвэр гаргасан байна.
Харин БНСУ-ын Улсан хотын захирагч ноён Ким Ги Хеонтой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, ирэх оноос эхлэн аялал жуулчлалын мэргэжилтнүүдийг чадавхжуулах, сургах тал дээр хамтарч ажиллахаар тохиролцжээ.