Фридрих Эбертийн сантай хамтарч ажиллана
"Монголын ардчиллын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Фридрих Эбертийн санг 1990-ээд оны эхээр манай ардчиллын лидерүүдэд ардчиллын төлөөх намууд нэгдмэл байх ёстой хэмээн үнэтэй зөвлөгөө өгч байсан гэдэг.
Түүнээс хойш ч ардчиллын үнэт зүйлс, үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, бэхжүүлэн хөгжүүлэхэд тодорхой хувь нэмрээ оруулж ирснийг мэднэ” хэмээн УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан Германы Фридрих Эбертийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Штефан Хроботыг хүлээн авч уулзах үеэрээ онцолсон юм.
Фридрих Эбертийн сан 1993 оноос хойш Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Герман улс эрчимтэй хөгжиж байгаа Монголын гуравдагч хөршийн хувьд сангийнхаа суурин төлөөлөгч томилох шийдвэр гаргасны дагуу Штефан Хробот манай улсад ажиллахаар иржээ.
Тэрээр Хамбург мужийн захиргаанд гадаад харилцааны асуудал хариуцан олон жил ажилласан төдийгүй Фридрих Эбертийн сан болон өөр бусад байгууллагын шугамаар Шриланк, Тайланд, Украин, Беларусь, Танзани, Төв Америкийн болон Газар дундын тэнгисийн орнуудад ажиллаж байсан туршлагатай нэгэн аж.
Өнөөдөр Төрийн ордонд болсон эл уулзалтаар Фридрих Эбертийн сангийн суурин төлөөлөгч Штефан Хробот Г.Баярсайхан сайдад хандан хөдөлмөрийн салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах ялангуяа эдийн засгийн хөгжлийн гол хуулийн нэг Хөдөлмөрийн хуульд хийж буй шинэчлэлийн ажилд зөвлөгөө өгч хамтрах боломж бий гэдгийг танилцуулсан.
Фридрих Эбертийн сантай хамтарч ажиллана
Г.Баярсайхан сайд тус сангийнхныг хөдөлмөрийн салбарыг хөгжүүлэхэд хамтарч ажиллах санал тавьж буйд талархаад зөвхөн Хөдөлмөрийн хуулиар хязгаарлахгүй Хөдөлмөр эрхлэлтийн тухай, Ажиллах хүчний тухай, Мэргэжлийн боловсрол сургалтын тухай зэрэг суурь хуулиуд дээр ч хамтарч ажиллах боломжтойг дуулгасан юм.
Мөн тус сангийнхан дэлхийн улс орнуудад улс төрийн ямар нэг намтай хамааралгүйгээр улс орны хөгжлийн бодлого, системийн тал дээр зөвлөгөө өгч ажилладаг бөгөөд Германд сайн хөгжсөн гэнэтийн ослын даатгалын системийн талаар сайдад товч танилцууллаа.