Я.Содбаатар тэргүүтэй албаны хүмүүс Бельгийн Вант улсад айлчилж байна
УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2015.09.24

Я.Содбаатар тэргүүтэй албаны хүмүүс Бельгийн Вант улсад айлчилж байна

УИХ-ын гишүүн Я.Содбаатар тэргүүтэй төлөөлөгчид Европын холбоо болсон Бельгийн Вант улсад энэ сарын 20-25-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд Европын холбооны Хэрэглэгчдийн холбоо, Европын комисс болон тус улсын Эдийн засаг, жижиг, дунд үйлдвэрлэл, Эрчим хүчний яамны удирдлагуудтай уулзаж, туршлага судлах аж.

Засгийн газраас Монголын стандартчиллын тогтолцоог шинэчлэх төслийн хүрээнд Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг  УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэж байна. 

Энэхүү хуулийн төсөлд Европын холбооны хэрэглэгчийн эрхийг хамгаалахтай холбоотой шинэ үзэл санаа, зарчмуудыг тусгах юм. Ингэснээр Монгол Улсын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хууль Европын холбооны зарчимд тулгуурлаж, Монгол Улсын хэрэглэгчдийн эрхийг илүү сайн хамгаалах болно гэж үзэж байна.

Эдгээр хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлт болон шинэчилсэн найруулгаар нийгэм, эдийн засгийн өнөөгийн хөгжлийн чиг хандлагыг уялдуулах, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахад иргэдийн болон ТББ-уудын оролцоог нэмэгдүүлэх, хэрэглэгчээ дээдэлсэн бизнесийн үйл ажиллагааг дэмжих, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, хэрэглэгчдэд сэрэмжлүүлэх нэгдсэн тогтолцоо бий болгох олон шинэ асуудал зохицуулагдаж байгаа юм. Айлчлалын бүрэлдэхүүнд ШӨХТГ-ын даргаТ.Аюурсайхан болон салбарын төлөөлөл багтаж байна.