АСЕМ-ын уулзалтаар Чингис хаан нисэх буудлын хүчин чадлыг нэмнэ
Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь
2015.06.10

АСЕМ-ын уулзалтаар Чингис хаан нисэх буудлын хүчин чадлыг нэмнэ

2016 онд Монгол улсад болох АСЕМ (Asia-Europe Meeting -ASEM)-ын дээд түвшний уулзалттай холбогдуулан Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарьтай ярилцлаа. 

- Гадаад яамны хувьд чухам ямар ажлуудыг хариуцан ажиллаж байгаа вэ?

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн зарлигаар АСЕМ-ийн уулзалтыг зохион байгуулах Үндэсний Зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулан байгуулсан. 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Ерөнхий сайдын захирамжаар Үндэсний Зөвлөлийн бүрэлдэхүүнд зургаан ажлын хэсэг байгуулагдсан.

Үндэсний Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь Гадаад хэргийн Төрийн нарийн бичгийн дарга. Бүх ажлын хэсэгт ГХЯ-ны төлөөлөл оролцож байгаагаас гадна “Дээд түвшний уулзалтын хуралдаан, үндсэн арга хэмжээнүүдийн зохион байгуулалт, баримт бичгийн асуудал хариуцсан Ажлын хэсэг-”ийг сайд Л.Пүрэвсүрэн ахлаж буй.

ГХЯ бүх ажлын хэсгийн хуралдааныг зохион байгуулах, хэлэлцэх асуудлыг бэлтгэн оруулах, хуралдаанаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байна.

АСЕМ-ийн уулзалтыг зохион байгуулахад хуралдааныг хүлээн авагч улсаас гадна АСЕМ-ийн бүх гишүүн улс, олон улсын байгууллага туслан, дэмжиж хамтран ажилладаг уламжлалтай. Энэ үүднээс ирэх жилийн Дээд түвшний уулзалт болон дагалдах 10 гаруй хурал, чуулганыг зохион байгуулахад хамтран ажиллахаар Ази, Европын түншүүдтэй  ГХЯ идэвхитэй үйл ажиллагаа өрнүүлж байна.

- Энэ уулзалтыг зохион байгуулснаар бидэнд юу үлдэх вэ?

Энэ уулзалтыг зохион байгуулах нь олон талын ач холбогдолтой. Юуны өмнө олон орны төр, засгийн тэргүүн нарыг оролцуулсан том хэмжээний олон улсын чуулганыг Монгол Улс анх удаа хүлээн авах гэж байна. АСЕМ-ийн Дээд түвшний уулзалтыг амжилттай хийснээр улс төрийн хувьд Монгол Улсын нэр хүнд улам өсөн бэхжиж, манай гадаад үйл ажиллагааг олон улсын хэмжээнд илүү дэмжих, хүндэтгэх, өргөнөөр хамтран ажиллах үндэслэл урьд урьдаас нэмэгдэнэ. Цаашид олон улсын хэмжээний хурал, семинар, уулзалтыг эх орондоо зохион байгуулах туршлагатай болж АСЕМ-ийн хүрээний төдийгүй олон улсын асуудлыг хамарсан бусад томоохон арга хэмжээг Монгол Улсад зохион байгуулах бүрэн боломжтой болно.

Эдийн засгийн хувьд нилээдгүй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд хийгдэнэ. Улаанбаатарт олон улсад нэр нь танигдсан зочид буудлууд шинээр нээгдэх бөгөөд нийслэлийн зочид буудлуудын үйлчилгээний стандарт эрс сайжирна. Уулзалттай холбоотойгоор 2016 оны 5 дугаар сарын эхнээс 7 дугаар сар дуустал Монгол Улсад гадаадын албаны хүмүүс, бизнесийн төлөөлөл, сэтгүүлчид, жуулчид олноор ирнэ. Нийслэлийн зочид буудал, үзвэр, үйлчилгээ, худалдааны газрууд, компани, ажил хэрэгч хүмүүсийн орлого нэмэгдэж, шинэ түнштэй болох, бизнесийн урт, богино хугацааны гэрээ, хэлцэл байгуулах боломжууд бий болно гэж найдаж байна. Дээд хэмжээний уулзалтын үр дүнд бизнесийн чиглэлээр Монголтой хамтран ажиллах итгэл үнэмшил нэмэгдэж, гадаадын хөрөнгө оруулалтын урсгал эргэж ирэхэд эерэгээр нөлөөлнө хэмээн үзэж байна.

Нийгэм, соёлын хөгжлийн ач холбогдлын хувьд АСЕМ-ийн Дээд хэмжээний уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах нь зөвхөн манай засгийн газрын үүрэг, хариуцлага бус харин төр, хувийн сектор, олон нийтийн байгууллагын нягт хамтын ажиллагаа, нийт олны дэмжлэг туслалцаанд түшиглэн хийгдэх учиртай.

АСЕМ-ийн Дээд хэмжээний уулзалт Монгол Улсад зохион байгуулагдах болсон нь гадаадынхны дунд манай түүх, зан заншил, соёл урлагийг сонирхох явдлыг улам нэмэгдүүлнэ.  Ирэх жилийн Дээд хэмжээний уулзалт болон түүний дагалдах олон арга хэмжээнүүдийн үеэр манай соёл, урлагийнхан, эрдэмтэд, судлаачид идэвхитэй ажиллаж эх орныхоо түүх, соёлыг гадныханд урьдаас илүү гүнзгий таниулан сурталчлах ажил улам их өрнүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Хүмүүс хоорондын харилцааг бэхжүүлэх ач холбогдлын хувьд Дээд хэмжээний уулзалтаас гадна өмнө нь АСЕМ-ийн гишүүн орнуудын төлөөллийг хамарсан Оюутны чуулган, Сонины редакторуудын дугуй ширээний уулзалт, Ази-Европын нийгмийн форум, Ази-Европын Парламенчдийн уулзалт зэрэг олон арга хэмжээнүүдийг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байна. 

Эдгээр уулзалтууд нь манай нийгмийн олон давхаргын төлөөлөл, байгууллага, хувь хүмүүсийн хувьд шинэ түнш, найз нөхөдтэй болох, харилцан суралцах, туршлагаа хуваалцах ховор боломжийг бий болгоно. Цаашид иргэний нийгмийн чиглэлээр Монгол Улсад төдийгүй гадаадад зохиогдох олон улсын, бүс нутгийн уулзалт, хурал, семинар болон бусад арга хэмжээнд манай төлөөлөл улам идэвхитэй, өргөнөөр оролцох итгэл, боломжийг нэмэгдүүлнэ хэмээн найдаж байна.

АСЕМ-ийн уулзалт нь манай аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд оруулж буй нэг том хөрөнгө оруулалт

- Уулзалтын бэлтгэл ажилтай холбоотой дэд бүтцийн ямар төслүүд хэрэгжих вэ?

Ирэх жилийн арга хэмжээнүүдийн бэлтгэлийг хангахын тулд Улаанбаатар хотын зочид буудлуудын үйлчилгээг сайжруулах, олон улсын үйлчилгээний стандарт нэвтрүүлэхээс авахуулаад хотын авто тээврийн дамжин өнгөрүүлэх чадлыг нэмэгдүүлэх, зам, гүүр шинээр барих, өргөжүүлэх, засаж сайжруулах, соёл, урлагийн үйлчилгээний салбарын чадавхийг нэмэгдүүлэх сургалт, семинар зохион байгуулах, шинэ техник, технологи эзэмших, хил, гааль, аюулгүй байдлын чиглэлээр олон улсын стандарт нэвтрүүлэх гээд хөрөнгө оруулалт, техник технологийн шинэчлэлийн олон төсөл, ажил хэрэгжинэ. 

- Уулзалтыг зохион байгуулахаас гадна зочид төлөөлөгчдөд зориулсан урлаг, соёлын арга хэмжээ зохиож улсаа сурталчлах төлөвлөгөө бий юу?
Нийслэлийн музей, түүхэн дурсгалт газрууд, соёлын байгууллагууд 3 сарын турш завгүй ажиллах төлөвтэй байна.

АСЕМ-ийн Дээд түвшний уулзалтаас гадна ирэх 2016 онд АСЕМ-ийн 20 жилийн ой тохиож буй. Энэ ойг тэмдэглэх хүрээнд үндэсний онцлогтой соёл, урлагийн олон арга хэмжээ зохион байгуулагдах нь дамжиггүй. Яг одоогоор бүх зүйлийг эцэслэн тодорхой болгож хараахан амжаагүй ч энэ чиглэлээр ажиллах баг, ажлын хэсэг байгуулахаар яригдаж байна.

Дээр өгүүлсэнчлэн, Дээд түвшний уулзалтаас гадна 2016 оны 5 дугаар сараас эхлэн 7 дугаар сарын дунд хүртэл 10 гаруй дагалдах хуралдаан, чуулган, уулзалт болох бөгөөд гадны зочид, төлөөлөгчдөд зориулсан соёл, урлагийн тоглолтууд олноор болох нь гарцаагүй. Нийслэлийн музей, түүхэн дурсгалт газрууд, соёлын байгууллагууд 3 сарын турш завгүй ажиллах төлөвтэй байна.

- Уулзалтын үеэр нисэх онгоцны буудал, нислэгийн ачааллыг хэрхэн зохион байгуулах вэ?

Үндэсний Зөвлөлийн нэг ажлын хэсэг нь Н.Төмөрхүү сайдаар ахлуулсан “Зам тээвэр, харилцаа холбоо, нисэх буудлын асуудал хариуцсан Ажлын хэсэг”. Ажлын хэсгийн хэд хэдэн хуралдаанаар энэ асуудал нухацтай яригдаж холбогдох байгууллага, мэргэжилтнүүдийн саналыг авч хэлэлцсэн. Мөн урьд нь АСЕМ-ийн уулзалтыг зохион байгуулсан зарим улсуудын туршлагыг судалсан.

Дээд түвшний уулзалтаас өмнө Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал ашиглалтад орж амжихгүй тул одоо байгаа Чингис хаан олон улсын нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлэхээр яригдаж байна. Энэ төслийн дагуу олон нисэх онгоц зэрэг байрлуулах талбайг өргөтгөх, нисэх буудлын аюулгүй байдал, хяналтын хүчин чадлыг улам сайжруулах, зарим танхимийг  томруулах, өөрчлөх, аюулгүй байдлын хяналт, үйлчилгээний чиглэлээр АСЕМ-ийн улсуудын тусламж, дэмжлэгтэй хамтарсан сургалт зохион байгуулахаар төлөвлөгдөж байна.

- АСЕМ-ийн чуулга уулзалт Монголын аялал жуулчлалд ямар ашигтай вэ?

АСЕМ-ийн уулзалт Монгол улсад болохтой холбоотойгоор манай урлаг, соёлыг сонирхох явдал гадаадын улсуудад нэмэгдсэн. Би түрүүн дээр өгүүлсэнчлэн АСЕМ-ийн Дээд түвшний уулзалтаас гадна 2016 оны 5 дугаар сараас эхлэн 7 дугаар сар дуустал АСЕМ-ийн 10 гаруй бусад дагалдах хурал, чуулган, уулзалт манайд зохиогдоно. Үүнтэй холбоотойгоор гадаадын олон орны хэвлэл мэдээлэл, сурвалжлагчид манай оронтой танилцах, өөрсдийн ард түмэнд таниулах сурвалжлага, нэвтрүүлэг хийхээр ирэх нь тодорхой. АСЕМ-ийн уулзалт, арга хэмжээний үр дүнд Монгол орныг таниулсан ТВ-ийн нэвтрүүлэг, сурвалжлага гадаадын олон улсад олны хүртээл болох нь дамжиггүй.

Түүнчлэн АСЕМ-ийн улсуудын төрийн болон засгийн олон тэргүүн нэг дор цугларах энэ ховор боломжийг нүдээрээ үзэх, Монгол оронтой танилцахаар жуулчид олноор ирэхээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах төсөл хэрэгжүүлэх, гэрээ хэлцэл хийхээр гадаадын аялал жуулчлал эрхэлдэг компаниуд манайх руу өргөнөөр хандана гэдэгт итгэлтэй байна.

Товчоор дүгнэж хэлбэл АСЕМ-ийн уулзалт нь манай аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд оруулж буй нэг том хөрөнгө оруулалт болох юм.