Хэн нэг улстөрч монгол цэргийг ажилд дайчилдаггүй юм
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
2015.11.18

Хэн нэг улстөрч монгол цэргийг ажилд дайчилдаггүй юм

Монгол цэргийг бүтээн байгуулалтад дайчлах нь буруу

-УИХ-аар саяхан Төрийн цэргийн бодлогыг баталсан. Энэ бичигт цэрэг бол улс эх орныхоо аюулгүй байдлыг хамгаалах ёстой гэж заасан. Зэвсэгт хүчний үүрэг ролийг илүү тод болгож өгсөн. Монгол Улс өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй байна. Улс орноо батлан хамгаалах үндсэн чиг үүрэгтэй.

Зэвсэгт хүчин улс төрөөс ангид байх ёстой. Монгол Улсад хамгийн тогтвортой улс төрөөс ангид байдаг ганц салбар бол зэвсэгт хүчин.  Харамсалтай нь улстөрчид зэвсэгт хүчнийг улстөржүүлэх, өөрийнхөө нэр хүнд болон улс төрийн намуудын эрх ашигт нийцүүлэх гэж бодлогогүй асуудал ярьж байна. УИХ-ын гишүүн Х.Баттулга 50 мянган залууг цэрэгт татах тухай ярьж байна. 10 мянган залууг бүтээн байгуулалтад дайчилна гэж мөнгө төсөвлөлөө. Ийм зүйл байхгүй.

Бодлогод туссаны дагуу Монгол Улс зэвсэгт хүчнээ хөгжүүлэх, зэвсэг техникээ нэмэгдүүлэх, дайчилгааны үндсэн үүргээ биелүүлэх ёстой. Гэвч сүүлийн хоёр жил дараалан Зэвсэгт хүчний хоол, хувцасны мөнгийг хасч ирлээ. Зэвсэгт хүчин өөрийн орлогоор өөрийнхөө хоол хувцсыг хангаж байгаа. Нөгөө талаар олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж энхийг дэмжих үйл ажиллагаанд амжилттай оролцож байгаа. Цаашид барилгын инженерийн анги бий болгох үүрэг хүлээсэн. Тэр хүрээнд бодлогын хэмжээнд барилга, инженерийн ангийг өргөтгөн зохион байгуулах, олон улсын энхийг дэмжих үйл ажиллагаанд оролцох болно.  2010 оноос эхэлсэн энэ ажил явж байгаа. Баян-Өлгий, Сүхбаатар, Баянхонгор аймгуудад барилгын инженерийн ангиа байгуулсан. Цаашид энэ ангиудыг өргөтгөн зохион байгуулна. Их хурлаас баталсан төсөв бол урсгал зардал.

АН-ын яриад байгаа 10 мянган залууг санхүүжүүлэх боломж байхгүй. Шулуухан хэлье. Энэ мөнгө хүрэхгүй. Улс төр хөөсөн асуудал. Дээрээс нь хэн нэг улстөрч нэг сараас цэрэг татлага зохион байгуулдаг юм биш. Зэвсэгт хүчний хуулиар тавдугаар сараас цэрэг татлага эхэлнэ. Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн шийдвэрээр дайчилгаанд татах, халах, татах ажил явагддаг.  Бусад хангалтыг ч тэгж явдаг.

Зэвсэгт хүчнийг улстөржүүлсэн эрээ цээргүй, сонгуулийн өмнөх асуудалд оролцохгүй байх нь зөв. Улс орноо батлан хамгаалах үндсэн үүргээ л биелүүлнэ. Цэргийг дайчилгаанд татаж болно. Гэхдээ энэ нь стратегийн зорилготой асуудал байдаг болохоос аль нэг намын ажил биш.