Ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг бүрдээгүй гэв
Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
2015.11.16

Ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг бүрдээгүй гэв

УИХ дахь бие даагчдын зөвлөлийг төлөөлж УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн болон УИХ-ын гишүүн Г.Уянга нар өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Хилийн цэрэгтэй холбоотой /Увс аймгийн Баруунтуруун суман дахь Хилийн 0311-р анги/ асуудлыг орхигдуулж болохгүй гэж үзэж байгаа учраас Хууль зүйн сайдад миний бие асуулга хүргүүлсэн байгаа. Мөн Сонгуулийн хуулийн тухайд бие даагчдын зүгээс нэн тэргүүнд үндсэн хуульд нийцүүлэх, намын жагсаалтаар сонгогдож байгаа асуудлыг болиулах ёстой гэж үзэж байна. Үндсэн хуулийн тухайд яг одоо цаг нь биш гэсэн байр суурьтай байгаа.

Мөн өнгөрөгч долоо хоногт болсон “Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой асуудал юм. “Эрдэнэс Тавантолгой”-н нөхцөл байдалтай танилцсан. Өнөөдөр бидний 1072 хувьцааг үнэгүйдүүлэх гэж байна. Чалкогийн өрийг дарахын тулд ажиллаж байгаа компанийг  сөхрүүлэх гэж байна. Ажилчдыг сөхрүүлж байгаа учраас ийм харамсалтай нөхцөл байдал үүссэн гэж бодож байгаа. Тэгээд Ерөнхий сайд нь агентлагийнх нь даргыг халаад л шийдэгдчихдэг асуудал биш юм. Үүний цаана ийм байдалд хүргэсэн улс төрчид бий. Иймээс Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг эрчимжүүлэх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Г.Уянга: Өнгөрөгч долоо хоногт “Эрдэнэс Тавантолгой” компанийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатаасан явдал гарсан. Энэ үйл явдлыг бид мартаж болохгүй. Яагаад ийм юм болов гэдэг шалтгааныг нь бид олж харах ёстой. Асуудал энэ хүнд байгаа бус ийм байдалд хүргэж буй шалтгаан юм. Тэдний зүгээс бүхий л шатны хүмүүст хандаж өнөөдрийг хүрээд эцэстээ ийм арга хэрэглэхээс аргагүй байдалд хүрсэн байгаа юм. Шалтгааныг нь сөхөж харвал “Эрдэнэс Тавантолгой” компанийн ажилчид ажлын байраа хадгалж үлдэх гэсэн эрмэлзэл юм.

Тэдний ажлын байр ямар учраас эрсдэлд орсон бэ гэвэл Австралийн “Махмахон” компанийн охин компани болох “TTJVCO” компаниар зүүн Цанхиас нүүрс олборлуулах гэрээ хийсэн. Гэтэл тэд баруун Цанхиас нь хоёр дахин их олборлолт хийгээд байсан. Тэгэхээр энэ нь манайд алдагдалтай. Ингээд 2014 онд УИХ-ын ажлын хэсэг шалгаад энэ өндөр өртөгтэй олборлож болохгүй. Монгол улс өрөө төлөөд, хурдан ашгаа авахын тулд олборлолтынхоо өртгийг бууруул гэдэг санал хэлсэн. Гэтэл “TTJVCO” хэрвээ бид олборлолтын өртгөө бууруулах юм бол танай ажилчдаар олборлуулахгүй өөрсдийн хятад ажилчдаар олборлуулна гэдэг санал хэлсэн. Манай зүгээс тавьсан шаардлагыг тэдний зүгээс хүлээж авахдаа ажилчдад маань жилийн баталгаа л өгнө гэсэн байгаа юм.

Тэгэхээр жилийн дараа монгол ажилчдыг хална гэсэн үг. Тэгэхээр энэ хүмүүс өөрсдийнхөө эрх ашгийн төлөө тэмцэх эрхтэй. Бидний зүгээс очоод “Яагаад заавал “TTJVCO” өндөр үнээр олборлох ёстой юм бэ. Монголчууд өөрсдөө олборлоод болоод байна. Ямар ч гадны компанийн оролцоогүйгээр олборлоё” гэдэг санал хэлэхэд 2011 онд /Су.Батболд Ерөнхий сайд байх үед/ 2017 он хүртэл  “TTJVCO” компаниар олборлуулна гээд гэрээ хийчихсэн байгаа юм. Үүнийг нь цуцлах юм бол 100 сая ам.долларын өрөнд орно гээд сууж байдаг. Ийм алдагдалтай гэрээг өнөөдөр одоогийн Засгийн газар сайжруулах ёстой шүү дээ. Тэгээд уг гэрээ нь Монголын хуулинд захирагдах ёстой байтал олон улсын гэрээ хийчихсэн байгаа юм. Жижиг компанитай олборлолтын гэрээ хийхдээ л олон улсын гэрээ хийчихдэг сонин шүү.

Бид шалаа хүнээр цэвэрлүүлэхдээ л олон улсын гэрээ хийгээд байж болохгүй. Гэтэл энэ асуудалд Ерөнхий сайд “Эрдэнэс Тавантолгой”-н захиралыг халаад, халхавч хийгээд өнгөрөх ёсгүй юм. Тэр залуугаар бамбай хийгээд ард нь жинхэнэ гэмтнүүд нь үлдэж байна. Энэ асуудалд Уул уурхайн сайд Р.Жигжид, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарыг огцруулах ч багадна. Энэ бол Засгийн газрын асуудал юм. С.Эрдэнэ өнөөдөр гэнэтхэн л өөрийгөө шатаая гэж бодоогүй. Тэр уйгагүй хичээсэн, ажилчдынхаа хамтаар олон үе шатыг давсан ч хэн ч тэдний энэ асуудлыг авч хэлэлцээгүй. Тиймээс ийм байдалд хүрсэн. Энэ бол Засгийн газар хариуцлага хүлээх хамгийн том хүндэтгэх шалтгаан юм.

-Та Ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг цуглуулсан. Одоогоор хичнээн хүн зурсан байна вэ?

-Би энэ талаар бүрдэхээр нь хэвлэлийн хурал зарлаж мэдээлэл өгнө. Хараахан бүрдээгүй байна. Ийм чадамжгүй Засгийн газрыг огцруулах гишүүн 20 хүрэхгүй л байна. Би нэг их гарын цуглуулах гээд л яваад байгаа юм биш. Гишүүдтэй уулзаж ярилцаж байна.