Намынхаа нэрийг Н.Батбаяр гишүүнээр заалгаж өөрчлөөд байдаг ч юм биш
УИХ-ын гишүүн, Монгол Ардын намын дарга М.Энхболдоос Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар тодрууллаа.
-Байнгын хорооны хурал дээр Н.Батбаяр гишүүн “Ардын намынхан яахаараа ард түмнээсээ асуухаас айдаг юм бэ” хэмээн хэлж байсан. МАН-ынхан сонгуулийн тогтолцооны талаар ард нийтээсээ асууя л гээд байсан биз дээ?
-Н.Батбаяр гишүүний хэлсэн шиг МАН-ынхан ард түмнээсээ асуухаас айгаад байгаа юм байхгүй ээ. Н.Батбаяр гишүүн Монгол Ардын нам ард түмнийхээ төлөө биш юм бол намынхаа нэрнээс “Ардын” гэдэг үгээ авч хая гэж хэлж байгаа харагдсан. Тийм юм гэж байдаггүй юм аа. Тэгээд ч намынхаа нэрийг Батбаяр гишүүнээр заалгаад өөрчлөөд байдаг ч юм биш.
Одоогоос долоон сарын өмнө МАН-ын гишүүдийн санаачилгаар УИХ-ын сонгуулийн тогтолцоо ямар байвал зүйтэй вэ гэдгийг ард түмнээсээ асууя гээд Ард нийтийн санал асуулгын тогтоолын төсөл өргөн барьсан. Түүнийг ерөөсөө хэлэлцэхгүй юм. “Яагаад хэлэлцэхгүй байгаа юм бэ" гэхээр “Зардал байхгүй ээ” гэсэн хариу өгдөг. Тэгсэн хэрнээ Н.Батбаяр нарын гишүүдийн оруулж ирсэн Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ гээд сууж байх юм.
Энэ Их хурап чинь энэ хэдэн гишүүнээ ялгаварлаад байдаг болчихсон юм уу ч гэж бодогдох боллоо. Хэний өргөн барьсан төсөл хэдэн сараар дарагдаж, хэний өргөн барьсан хуулийн төсөл нь орж ирсэн даруйдаа хэлэлцэгддэг юм. Манай намын гишүүдийн өргөн барьсан төсөл одоо хэлэлцэж байгаа төсөлтэй яг адилхан ард түмнээсээ асууя л гэсэн шүү дээ.
-МАН-ынхан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой гэж байсан ч Ажлын хэсгээс оруулж ирсэн төслийг дэмжихгүй гэх юм. Энэ нь ямар учиртай юм бэ?
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий юу гэвэл тийм. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зөв гэдэг дээр дийлэнх гишүүд санал нэгдэж байгаа. Монгол Улсад өрнөсөн сүүлийн 20 гаруй жилийн хугацааны үйл явдлууд, төр засгийг эмхпэн байгуулсан байдлаас харахад Үндсэн хуульд засч залруулах зүйл байгаа ч өнөөдөртөө хийх боломжгүй.
Монгол Улсад улсын Дээд шүүхэд бүртгэлтэй 22 нам, парламентад суудалтай таван нам байдаг. МАН-ын зүгээс 2013 оноос хойш 12 удаа улс төрийн намуудын үндэсний зөвшилцлийн уулзалтыг хийсэн. Уг уулзалтын үеэр парламентад суудалгүй намууд Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ УИХ хийх боломжгүй, улс орны өмнө тулгамдсан өөр асуудлуудаа ярьж шийдэх ёстой гэдгийг хэлсэн. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах боломжгүй гээд байгаа учир нь Монголын улстөрийн намуудын дөрөвний гурав нь энэ Их хурал эцэг хууль болох Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх боломжгүй гэдгээ хэлсэн,
-Ер нь бол МАН-аас Су.Батболд, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл гээд улс төрд нэлээд хугацааг өнгөрүүлсэн гишүүд ажлын хэсэгт орсон. Ажлын хэсгийн гишүүд намын бүлэгтээ ийм өөрчлөлт оруулахаар боллоо гэдгээ хэлдэггүй юм уу?
-Манайхаас Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, Су.Батболд нарын гишүүд Үндсэн хуулийн ажлын хэсэгт орсон нь үнэн. Гэхдээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөлд Ажлын хэсгийн гишуүдийн санаа бодлыг бүрэн тусгаагүй. Тухайлбал, Үндсэн хуулийг “Эх хууль” гэж нэрлэж байгааг, УИХ-ын гишүүдийн тоог 99 болгох гэж байгааг, УИХ-ын бүрэн эрхийн хугацааг таван жил болгох, ард нийтийн санал асуулга явуулах гэж байгааг ажлын хэсгийн гишүүдтэйгээ огт ярилцаж тохироогүй.
Гэтэл нэг хүн дураараа ажлын хэсэг дээр яригдаагүй өөрчлөлтүүдийг оруулаад ирж болох уу. Одоогоор ажлын хэсгийн есөн гишүүний хоёр нь гарын үсэг зураагүй байгаа юм. Үнэндээ ажлын хэсэг дээр яригдаагүй заалтуудыг хэлэлцээд явах юм бол УИХ дахь МАН-ын бүлгийн хоёр гишүүн нэрээ татаж авах дээрээ тулбал яах юм. Ажлын хэсэг дээрээ ч байр сууриа нэгтгэж чадаагүй хуулийн төслийг хэлэлцээд явбал хүндрэл гарах болно. Энэ утгаар нь сануулж хэлээд байгаа юм шүү дээ. Гэтэл Н.Батбаяр гишүүн оруулж ирсэн төслөө зүтгүүлээд байх юм.
-Ард нийтийн санал асуулга явуулах тухаи хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд дэмжлээ. С.Баярцогт гишүүн 1992 онд ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлахад 76 хоног зарцуулж байсан тухай ярьж байна...
-Үндсэн хуулийг өөрчлөхийн тулд эхпээд Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг өөрчилнө. Дараа нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд өөрчлөлт оруулна. Энэ бүхний эцэст Үндсэн хуульд өөрчлөлт оруулна. Тэгэхээр ийм богино хугацаанд Үндсэн хуулийг өөрчлөх боломжгүй гэдэг нь харагдаж байгаа биз дээ.
-Үндсэн хуулиа өөрчилж чадвал нийгэм, эдийн засгийн хүндрэлийг гэтлэхэд боломж илүүтэй гарна гэдгийг гишүүд хэлж байна. Үе үеийн парламент Үндсэн хуулиа өөрчилье гэдэг ч тэгж чадалгүй явсаар ирсэн. Одоо харин энэ цаг үе чинь өөрөө боломж юм биш үү?
-Нийгэм, эдийн засгийн байдал амаргүй байгаа нь үнэн. Гэхдээ улс төр, эдийн засаг, нийгмийн байдал хүндэрсэнд Үндсэн хууль буруугүй. Гэтэл зарим гишүүн энэ алдаа завхрал бүхэн Үндсэн хуулиас болж байгаа мэт ярьж байгаа нь буруу л даа. Өмнө нь тулгамдсан, хүндрэлтэй асуудлууд тулгардаг байсан ч Үндсэн хуулиар улс орны тулгамдсан асуудал, олон харилцааг зохицуулсаар ирсэн юм. Энэ УИХ бүрэн эрхийн хугацааныхаа төгсгөл үед Үндсэн хуулийн өөрчлөлтийг яаран сандран хийх боломжгүй гэдгийг дахин хэлье.