Монгол Улсад “MIT” сургууль байгуулах мөрөөдөл биелэлээ олно
БСШУ-ы сайд Л.Гантөмөр
2015.11.11

Монгол Улсад “MIT” сургууль байгуулах мөрөөдөл биелэлээ олно

Хавар анги ахих, сургууль төгсөх болон намар хичээл эхлэх үест боловсролын салбар гэнэт л олны анхаарлыг татаж сайн, муу элдвээр хэлэгддэг. Гэхдээ цаг хугацааны хувьд төдийлөн ач холбогдол өгөлгүй төлөвлөсөн ажлаа чанартайгаар хийж гүйцэтгэх гэсэн нь энэ салбарынханд биелэлээ олсоор байгаа билээ.

Даваа гарагт л гэхэд Монгол Улсын хэмжээнд 2500 багш, сурагч зөөврийн компьютертэй болсон. Түүнчлэн АНУ-ын Массачусетсийн технологийн институттэй хамтран ажиллах эрхийг Засгийн газрын хуралдаанаар БСШУ-ы сайд Л.Гантөмөрт даалгасан. Тиймээс Л.Гантөмөр сайдтай цаг үеийн болон салбарынх нь талаар ярилцлаа.

-“Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хөтөлбөр гурван дэд хэсэгтэй байх аа. Багш, сурагчдад компьютер олгосон нь нэг хэсэг нь үргэлжилж байна гэж ойлгож болох уу?

-Тийм ээ, бид “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. “Авьяас”, “Ном”, “Багшийн хөгжил” гэсэн гурван дэд хөтөлбөртэй. “Авьяас” хөтөлбөр бол багш нарын оролцоо, дэмжлэг, хүүхдүүдийн идэвхтэй үйл ажиллагаан дээр маш амжилттай үргэлжилж байгаа. Ялангуяа техник, технологийн сэтгэлгээг хөгжүүлэх, сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлэхийн тулд дуглуйлан, секцүүд маш олноор нэмэгдсэн. Нисэх онгоцны клуб л гэхэд 100 гаруй, роботынх мөн л 100 гаруй ажиллаж байх жишээтэй.

Өөрөөр хэлбэл хүүхдийг өөрөө өөрийгөө хөгжүүлэх боломжийг олгож байгаагаараа онцлогтой. Үүгээр дамжуулан хүүхэд өөртөө итгэх итгэлтэй болж байна. “Ном” хөтөлбөр ч гэсэн амжилттай хэрэгжиж байгаа. Анги бүр өөрийн номын сантай болж, улам бүр баяжин, хүрээгээ тэлж байна. Гурав дахь нь “Багшийн хөгжил” хөтөлбөр. Үүний хамгийн чухал нь багшийн ажиллах орчныг бий болгох зорилт. Үүнд аймаг, дүүрэг бүхэн чармайлт гаргаж яваа. Жишээлбэл, нийслэлд “Саятан багш” тодруулдаг болсон. Сүүлийн гурван жилийн хугацаанд л гэхэд нийт хоёр тэрбум орчим төгрөгийг “Саятан багш”-ийн урамшуулалд олгосон. Энэ нь сайн багшаа дэмжиж буй ажиллагаа. 

Түүнчлэн Ховд аймгийн хувьд нэг багшид нэг хүүхдийн урсгал зардлыг 4000 төгрөгөөр тооцож, аймгийнхаа төсвөөс баталж, олгодог болсон. Энэ нь эргээд багшийн сургалтын үйл ажиллагааг дэмждэг. Сүхбаатар дүүрэг гэхэд л бүх багш нарынхаа дунд “Ямар анги, танхим хэрэгтэй вэ” хэлэлцүүлэг өрнүүлээд, түүнийг нь авч өгч байсан. Мөн л хоёр тэрбум орчим төгрөг зарцуулсан санагдаж байна. 

Энэ мэтчилэн аймаг, дүүрэг, сургууль бүхэн өөр, өөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Үүн дотор цахим хэрэглэгдэхүүн, мэдээллийн технологийн давуу талыг ашиглаж, сургалтын чанар, хурдыг нэмэгдүүлэх шаардлага зайлшгүй байсан. Тиймдээ ч энэ төслийн хүрээнд 25000 багшид нэг, нэг зөөврийн компьютерийг өгч, мөн 11360-ыг ангийн лаборатори хэлбэрээр сурагчынхыг олгож байна. Эдгээр нь цаашдаа цахим хэрэглэгдэхүүний хэрэгцээ, сургалтыг сайжруулахад тус дөхөм болно гэж ойлгож байгаа. 

-Мэдээж зөөврийн компьютерийг ашиглахын тулд интернэт орчны асуудал сөхөгдөнө. Энэ боломж хэр бий болсон бэ. Сургуулиуд бүгд интернэттэй болж чадсан уу?

БСШУ-ы сайд Л.Гантөмөр

-Үүний бэлтгэл ажил маш өргөн хүрээг хангасан. Монгол Улсын хэмжээнд мэдээллийн нэгдсэн сүлжээг байгуулж чадлаа. Ингэснээр багш нар хоорондоо туршлага солилцох, эцэг, эхчүүд өөрсдөө цахимаар ороод хүүхдийнхээ гэрийн даалгавар, дүн зэргийг харах боломжтой сүлжээнд холбогдлоо. Цаашид ч энэхүү цахим сургалтын хэрэглэгдэхүүнийг бий болгож, 160 орчим цахим лаборатори ашиглалтад оруулж, 800 орчим видео хичээлийг Монгол хэлнээ хөрвүүлэн, багш нарын хүртээл болголоо. Ер нь компьютер ашигласан сургалт гэдэг багшийн хөгжилд, хичээлээ сайжруулахад маш их хувь нэмэр оруулна гэж ойлгож байгаа. 

-Зөөврийн компьютераас гадна зарим сургууль ухаалаг самбартай болсон байсан. Тодорхой хэмжээний төсөв гаргасан уу. Эсвэл зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд л яваад байна уу?

-Ухаалаг гэхээсээ илүү цахим л даа. Сургууль бүрт 7-8 танхимийг тохижуулахаар төлөвлөж байгаа. БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээс 20 сая долларыг ашиглая гэдэг саналыг засгийн хуралдаанд оруулсныг дэмжсэн. Энэ тухай Солонгосын талд хүргүүлчихсэн учраас удахгүй хэрэгжих байх. 

-Боловсролын салбар хэт цахимжаад байгаа юм биш үү. Багш, сурагчийн амьд холбоо?

-Тэгэлгүй яах вэ. Хэтэрхий хазайж болохгүй л дээ. Тиймээс хүүхэд бүрийг хөгжүүлэх, “Амьдрах ухаан”-ы сургалт зэргээр тэдний амьдрах, өрсөлдөх чадварыг сайжруулах, сургалтад нэг бүрчлэн хөгжүүлэх арга механизмыг бий болгох, тусад нь даалгавар өгөх, өөсрдөөр нь хийлгэх үйл явц бол гар, биеийг нь хөдөлгөж, өөрийг нь оролцуулдаг байдал бол хаягдахгүй. 

БНХАУ-ын даргын айлчлалын үеэр төсөл дахин “амь” орсон

-Баг, сурагчдад зөөврийн компьютер олгож байгаа нь араасаа багагүй хардлага дагуулах байх. Ямар хүчин чадалтай, хаанахын компьютеруудыг ямар учраас олгоод байгаа билээ?

-Дэлхийд данс­лагдасан компьютер үйлдвэрлэгч цөөхөн компанийн нэг “Lenoүo” брэндийн бүтээгдэхүүнүүд. Хамгийн сүүлийн үеийн, хүчин чадалтай эд. Мэдээж аюулгүй байдлын хувьд “Lenoүo” баталгаа гаргаж өгч байгаа. Сонголт бол байсан. БНХАУ-ын өөрийн үйлдвэрийн бүтээгдэхүүний санал байсан. Бидний хувьд дэлхийн стандартад нийцсэнийг нь сонгосон. Үнийн хувьд зах зээлийнх нь үнээр, 21 сая ам.долларт 36500 гаруй компьютер, бас нэлээд хэмжээний самбар /тоог яг хэлж мэдэхгүй байна/ авч байгаа юм. Тэгэхээр ширхэгийн үнэ нь 800 орчим ам.доллар болж байсан байх. 

-Одоогийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2008 онд хүүхэд бүрийг компьютержуулах аяны тухай ярьж байсан. Бас тодорхой тооны хүүхдэд тарааж өгсөн. Харин энэ санал, санаачилгын хувьд ямар байр суурьтай байгаа бол?

-Сүүлийн хоёр Ерөнхий сайд энэ ажлыг хатуу дэмжиж байж л өдийг хүргэлээ. Түүнээс яг төслийн хувьд нэлээд бүдгэрчихсэн байхад нь БНХАУ-ын даргын айлчлалын үеэр дахин баталгаажуулж чадсан. Ерөнхийлөгч Элбэгдорж хийсэн уулзалтын хүрээнд төсөл бол үндсэндээ амь орсон. 

-Боловсролын салбарт хийгдэж буй шинэчлэлүүд үргэлжилж байна. Сургуулийн өмнөх, бага, суурь боловсролын хөтөлбөрийг шинэчилчихлээ. Дараагийн алхам юу вэ?

-Үргэлжлүүлээд бид ахлах ангийн хөтөлбөрийг өөрчлөхөөр ажиллаж байна. Олон улсад гайхагдсан хөтөлбөр хийх зорилго тавьчихсан, загвараа гаргаад, туршилтын ажлуудаа хийж байгаа. 

-Массачусетсийн технологийн институттэй хамтран ажиллахаар боллоо. Дэлхийд данстай боловсон хүчнүүдийг бэлтгэх боломжтой болох нь гэж ойлгож болох уу?

-Бид Массачусетсийн технологийн институттэй Монгол орны шинжлэх ухааныг хөгжүүлэх ерөнхий зураглал, хөгжлийн үйл ажиллагааг хамтарч ажиллах хэлэлцээрийг хийхээр болсон. Энэ бол маш олон жилийн хугацаанд дэлхийн нэгдүгээрт бичигдэж ирсэн шинжлэх ухааныг инноваци, бүтээгдэхүүн болгож чаддаг, түүнийгээ дэлхийн зах зээлд худалдаж чаддаг соёлыг бүрэн төлөвшүүлчихсэн сургууль. Бид тэдэнтэй хамтраад Монголын ирээдүйн шинжлэх ухааны суурь, дэд бүтэц болоод хандлага, судлаачид, оюутан сургах юм.

Бидний мөрөөдөл бол хэдэн жилийн дараа Монгол Улсад MIT гэдэг сургууль үйл ажиллагаагаа явуулдаг болох зорилго. Энэ бол Монголын шинжлэх ухаанд том салхи оруулсан ажил болно. Тиймээс энэ хавартаа багтаад Шинжлэх ухааны хотоо эзэнтэй болгохоор маш хурдтайгаар ажиллаж байгаа даа. Цэцэрлэгээс нь шинжлэх ухаан хүртлэх холбоосыг бүхэлд нь хийчихлээ гэж харж байгаа. Дунд ганц, хоёр зүйл дутуу бий. Эдгээрийгээ гүйцээнэ. Ингэсэн тохиолдолд Монгол оронд төрснөөс нь эхлээд шинжлэх ухааны бүтээл гараад, тэр нь бизнес болох цогц систем бий болно. 

-Зөөврийн компьютер, цахим самбар гээд л бүгдийг хөнгөлөлттэй зээл, тусламжаар гүйцэтгэж байна. Тэгэхээр сая хэлсэн Шинжлэх ухааны хотыг босгоход ч санхүүгийн асуудал тулгарч байгаа биз?

-Тийм ээ. Бид асуудлыг цогцоор нь харж байгаа учраас цогцоор нь шийдэх гээд л үзээд байна. Жишээ нь Багануурын оютуны хотхон гээд л ярихад мөнгө олдохгүй нь үнэн. Түүний оронд Багануурын шинжлэх ухааны хот гэвэл дэлхийн шинжлэх ухаан хөрөнгө оруулагчид санхүүг нь шийдээд өгчих боломжтой. 

Боловсрол бол Монгол Улсын хөгжил юм байна

-Та ч “дан дээлтэй” гишүүн байхдаа хэмнэлтийн талаар маш их дуугардаг байсан. Харин одоо БСШУ-ы сайд болж, давхар алба хашсан биш Төрийн ордонд бага үзэгддэг болжээ. Тойрогтоо анхаарч байна уу?

-Тойрогтоо зөндөө л юм хийж байгаа. Гэхдээ боловсрол гэдэг сая хүнтэй харилцаж, энэ салбарыг хөл дээр нь босгож ирнэ гэдэг УИХ-ын гишүүний хийдгийн дэргэд амаргүй ажил. Би бүх аймаг, дүүрэгт очиж, багш нартай нь уулзалт зохион байгууллаа. Дөрвөн жилийн хугацаанд бүх аймаг, 100 гаруй сумын багш нартай уулзаж, тухайн газрын цэцэрлэг, сургуулиар орж, сургалтыг нь сонирхож, хараад явсан сайд байсан эсэхийг би асуумаар байдаг. Яагаад гэвэл миний очсон газрынхан “Манайд боловсролын сайд ирж байгаагүй, баярлалаа” гэдэг. Тэнд зүгээр зугаалж очилгүй, бодлогоо ярьж, танилцуулж, хэрэгжүүлж буйгтайгаа танилцах байдлаар дотор нь орж ажиллаж ирсэн. 

Тэр ч утгаараа боловсрол бол Монгол Улсын хөгжил юм байна. УИХ-ын гишүүний ажил гэдэг хязгаарлагдмал байжээ гэж харж байгаа. Цаашдаа шинжлэх ухааныг дагнан амьдралаа зорилна гэж болодж байгаа. Би энэ ард олныг парламентад гурван удаа төлөөллөө. Тиймээс улс орны сайн сайхны төлөө өөрийн амьдралаа зориулах үүрэгтэй гэж боддог юм. Харин энэ үүргээ гүйцэтгэх зорилго нь боловсрол шинжлэх ухааны салбар юм байна гэдгийг би олчихлоо, цаашид хэрхэн хөгжих аргыг нь хийчихлээ. Үүнийгээ цаашид услаж, УИХ, Засгийн газар, олон нийтийн дэмжлэгийг авах ажлуудыг зохион байгуулахад боломж байна. 

-Та сэтгэлдээ төлөв­лөчихсөн. Хаанаас дэмжлэг авахаа ч бодчихож. Тэгвэл хэдий хугацааны дараа санасан санаанд чинь хүртэл энэ салбар хөгжсөн байх бол?

-Одоо удахгүй байх шүү. Ер нь суурь нь тавигдчихсан шүү дээ. Тэгэхээр 4-5 жил л шаардагдах болов уу. Шинжлэх ухааны концевцоо явуулаад MIT-тай хийсэн гэрээний хүрээнд ажил идэвхжээд явахаар Монгол аяндаа дэлхийн анхаарлын төвд орчихно. Монголчууд ч дэлхий рүү хардаг болно. Өнгөрсөн 20 жилийг эргээд харахад Монгол Улс боловсрол, шинжлэх ухаан дээр амьдарна гэдгийг ойлгоод, анхаарлаа төвлөрүүлж чадсан бол өдийд арай өөр байх байжээ. 

-Ямар өөр гэж?

-Хямрал гэдэг зүйлийг лав мэдрэхгүй. Эдийн засгийн чадамж гэдэг хүний чадамжаас шалтгаалдаг учраас эдийн засгийг айхтар сайн болчихсон байна гэж харахгүй байгаа. Гэхдээ хүний аманд багтдаггүй, хямралд нэрвэгддэггүй, түүхий эдийн орон гэдэг нэрнээсээ салчихсан байх байсан болов уу гэж бодож байна. Цаашаа анхаарлаа төвлөрүүлж чадвал богино хугацаанд эдийн засгийг солонгоруулж, “Made in Mongolia” гэх шошготой бараа дэлхийн долоон тэрбум хүнд зарагддаг болно. Өөрийн оюун, ухаанаа үнэлдэг ард түмэн болно. 

-Оюун ухаан байхгүй гэж байгаа шиг л сонсогдож байна?

-Оюун ухаан байна. Хамгийн гол нь яаж системд оруулж, бүрэн дайчлах вэ гэдэг нь л асуудал. Түүнээс Монгол хүний оюун ухаан бол гайхамшиг шүү.