Чингэлтэй дүүрэгт шинэ гүүр ашиглалтанд орлоо
Чингэлтэй дүүрэгт байрлах Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяа Нүүр ам судлалын сургуулийн шинэ лабораторын нээлт, тус сургууль руу орох, гарах явган хүний болон автомашины гүүрэн гарцыг өчигдөр ашиглалтанд орууллаа.
Тус сургууль 170 сая төгрөгийн өртөг бүхий 24 суудал, модель (хиймэл хүн), тоноглол бүхий сургалтын ур чадварын лабораторыг байгуулжээ.
МөнУИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханы санаачлагаар барьж байгуулсан явган хүний болон автомашины гүүрэн гарцны нээлтийн арга хэмжээ боллоо.
Тус сургуулийн үүдэн хэсэгт төв зам сургууль хоёрыг заагалсан далан байдаг учраас сургууль руугаа орохын тулд багш, оюутнууд холуур тойрч ордог байна. Тиймээс тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Баярсайхан уг асуудлыг шийдэж өгчээ.
Явган хүний болон автомашины гүүрэн гарцыг өчигдөр ашиглалтанд орууллаа
Нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирал, анагаах ухааны доктор, профессор, академич Г.Батбаатар, Нүүр ам судлалын сургуулийн захирал Т.Ариунтуул болон тус сургуулийн багш, суралцагчид оролцсон юм.
УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан нээлтийн үгэндээ “Миний хувьд 1997 онд анагаахын их сургуулийг төгсч байсан. Энэ сургууль миний амьдралтай салшгүй холбоотой. Тиймээс би энэ салбарын хүн, дээрээс нь Чингэлтэй дүүргээс сонгогдсон гишүүний хувьд тойрогтоо олон ажил хийхээр төлөвлөн ажилладаг. Үүний дагуу өнөөдөр явган хүний болон автомашины гүүрийг барьж байгуулан ашиглалтанд өглөө. Сургуулийн багш, оюутнууд сургууль руугаа орохдоо бараг км шахам газраар тойрдог байсан бол өнөөдөр шууд төв замаасаа сургууль руугаа орох боломж бүрдэж байна. Энэ нь нэг талаар цаг хэмнэх, нөгөө талаар оюутнуудын сурах орчинг сайжруулсан том ажил гэж хэлмээр байна” гэсэн юм.
Нүүр ам судлалын сургууль шүдний Ур чадварын лаборатортой боллоо
Сүүлийн жилүүдэд олон улсад шүд, эрүү нүүрний мэс засал болон арчилгаа, эмчилгээний салбар хурдацтай хөгжиж байгаа. Манай улсад ч гэсэн энэ салбар эрчимтэй хөгжиж, орчин үеийн техник тоног төхөөрөмжийг эмчилгээ, сургалтандаа ашиглах болсон билээ. Манай улсын Нүүр ам судлалын сургуулийн хувьд ийнхүү олон улсын жишигт нийцсэн лабораторыг ашиглалтад оруулаад байна.
Манай улсын Нүүр ам судлалын сургуулийн хувьд ийнхүү олон улсын жишигт нийцсэн лабораторыг ашиглалтад оруулаад байна.
Өөрөөр хэлбэл, суралцагчид сурч байх хугацаандаа модель (хиймэл хүн) дээр эрүү нүүр, шүдний сургалтыг хийж, дадлагжих юм. Биднийг лабораторын нээлтэд очиход тус сургуулийн суралцагчид шүд ломбодох, шүд авах суулгах гэх мэт энэ төрлийн бүхий л ажилбарыг хийж байсан юм. Тэдний хувьд энэхүү модель дээр хэр сайн дадлага хийж сурна төдий чинээгээр өвчтөнг сайн эмчилнэ гэдгийг Шүд эрүү нүүрний эмнэлэгийн захирал М.Соёлмаа онцоллоо.
Ингээд нээлтийн арга хэмжээний үеэр зарим төлөөлөгчдийн сэтгэгдлийг сонслоо.
АШУҮИС-ийн захирал, анагаах ухааны доктор, профессор Г.Батбаатар “Манай сургууль бүрэлдэхүүн таван сургуультай. Бүрэлдэхүүн сургуулийн нэг нь Нүүр ам судлалын сургууль. Өнөөдөр энэ сургуульд томоохон шинэчлэл хийсний үр дүнд ур чадварын лаборатори болон гаднах талбайг тохижуулсан явган хүний болон автомашины гүүрний нээлтийг хийлээ.
Мэдээж бид сургалт явуулж буй учраас сурах орчинг таатай болгох учиртай. Ингэж байж сайн суралцагч, цаашлаад сайн эмч бэлтгэнэ шүү дээ. Манай бүрэлдэхүүн сургууль, эмнэлэг хоёр хамт байгаатай нэгэн адил бид удахгүй 2018 онд сургуулийнхаа эмнэлгийг барьж, ашиглалтад оруулах төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байгаа. Үүгээр зогсохгүй Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн шинэ цогцолбортой болно” гэсэн юм.
Т.Ариунтуул: Шүдний салбартаа анх удаагаа ур чадварын лабораторыг нээлээ
(Нүүр ам судлалын сургуулийн захирал)
Ер нь аль ч улсын шүдний эмчилгээ ур чадварын лабораторигүйгээр шүдний сургалт явагддаггүй.
- Манай сургууль шүдний салбартаа анх удаагаа ур чадаварын лабораторыг нээлээ. Манай улс шүдний эмч бэлтгэж эхлээд 50 гаруй жил өнгөрч байгаа ч өдийг хүртэл яг өөрийн гэсэн загвар, модель ашигласан сургалт явуулж байгаагүй. Тэгвэл одоо оюутнууд маань гуравдугаар дамжаанаас эхлээд олон улсын жишигт нийцсэн өндөр өртөгтэй лабораторид дадлага хийх боломж нээгдэж байна.
Одоогийн байдлаар энэ лабораторид иж бүрэн тоноглол бүхий 24 модель, төхөөрөмж сандал суудал байна. Ер нь аль ч улсын шүдний эмчилгээ ур чадварын лабораторигүйгээр шүдний сургалт явагддаггүй. Тэгэхээр энэ удаагийн онцлог нь их сургуулийн захиргаа удирдлагууд өөрсдийн санхүүгээр энэхүү лабораторыг байгуулсанд байгаа юм.
Сургуулийн суралцагчид шинэ лабораторид согог, гажиг, эмчилгээ, мэс засал гэсэн дөрвөн чиглэлээр сургалтандаа эдгээр моделиудыг ашиглах юм байна.