Ө.Энхтүвшин: Нийслэлийн хурлын сонгуулиас бусдыг нь тусдаа явуулна
-МАН-ын бүлэг болоод намын Удирдах зөвлөлийн хурлаар юун тухай ярилцаж, ямар шийдвэрт хүрсэн бэ?
-Энэ долоо хоногийн пүрэв, баасан гаригийн аль нэгэнд нь сонгуулийн товыг зарлах ёстой. Тиймээс МАН, АН-ын хамтарсан ажлын хэсэг хуралдаж,зөвшилцөлд хүрэх даалгавар авсан. Ингээд хамтарсан ажлын хэсгийн дүгнэлтийг МАН-ын Удирдах зөвлөлд танилцуулахад саналыг минь хүлээж авсан л даа. Бид Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг УИХ-ынхтай хамтад нь хийж, аймаг, дүүрэг, сумын ИТХ-ын сонгуулийг тусад нь буюу намар явуулахаар санал хураагаад дэмжигдлээ. ;Энэ шийдвэрээ АН-д бичгээр хүргүүлсэн. Тэд хүлээж авбал бид энэ долоо хоногтоо багтаагаад сонгуулийн тов зарлах боломжтой.
-НИТХ-ын сонгуулийг УИХ-ынхтай хамтад ньявуулахаар Үндсэн хууль зөрчихгүй юү?
-Энэ тухай бид л яриад байгаа болохоос өнөөдрийг хүртэл Үндсэн хууль зөрчлөө гэж Үндсэн хуулийн цэцээс дүгнэлт гаргаагүй л байна. Хэрэв ямар нэгэн байдлаар зөвшилцөхгүй, энэ байдлаараа удвал сонгууль зургадугаар сардаа болохгүй нь. Тиймээс аль аль талдаа, хэн хэн нь уян хатан хандахаас өөр аргагүй гэж үзэж байна.
-Энэ МАН-ын сүүлчийн буулт уу?
-Тийм ээ. Сүүлчийнх. Бидэнд хугацаа үлдээгүй учраас АН хүлээж авах байх. Мөн МАН-ын бүлэг хуралдаад цөөнх завсарлага авах хугацааг хуулиар хязгаарлах хэрэгтэй гэж тохиролцсон. Тэгэхгүй бол одоогийн хуулиар цөөнх завсарлага аваад бүтэн жил ч болох боломжтой юм билээ.
-Яаж хязгаарлана гэж тохиролцсон бол?
-Цөөнхийн завсарлага авах хугацааг нь зааж өгнө гэсэн үг. Ийм агуулгатай хуулийн төсөл өргөн баригдчихсан байгаа л даа. Төслүүд дээр 10,14, долоо гэх мэт янз бүрээр л тусгасан байна билээ.
-МАН-ын бүлэг болоод Удирдах зөвлөлийн хурлаар Ц.Нямдорж сайдын асуудлыг яагаад авч хэлэлцэхгүй байгаа юм бэ?
-Удахгүй хэлэлцэнэ ээ. Эхлээд сонгуулиа хэрхэн явуулахыг шийдчихээд дараа нь Нямдорж сайдын тухай ярина.