2012.04.27
“Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай” хуулийн төслийг өргөн барилаа
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Ө.Энхтүвшин, Ч.Сайханбилэг, Д.Дондог, З.Энхболд нар хамтран санаачилсан “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барилаа.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа уг төслийн үзэл баримтлалд тусгагдсан дагуу одооо хүчин төгөлдөр мөрдөж байгаа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн ерөнхий зарчмыг баримталжээ.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль явуулах тогтолцоог өөрчлөн үзэл баримтлалын шинжтэй томоохон өөрчлөлт оруулж байгаатай холбогдуулан уг хуулийн төслийг шинээр боловсруулсан хэмээн хууль санаачлагчид онцолж байлаа.Хуулийн төсөл нь арван хоёр бүлэг, тавин дөрвөн зүйлтэй. Сонгуулийг зохион байгуулахтай холбогдсон харилцаанд сонгуулийн холимог тогтолцоог хэрэгжүүлэх, сонгуулийн тэгш, шударга байдлыг хангах зарчмыг хэрэгжүүлэхэд дараах зүйлийг тусгасан байна. Тухайлбал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн УИХ-ын сонгуулийн нэгэн адил холимог хувилбар буюу олонх болон хувь тэнцүүлсэн тогтолцоогоор зохион байгуулах.
НИТХ-ын гучин төлөөлөгчийг можаритари буюу тойргоос, арван таван төлөөлөгчийг пропорциональ буюу намын нэрийн жагсаалтаар сонгох юм. Мөн хоёр сонгуулийг нэг өдөр зохион явуулах, санал авах үйл ажиллагааг 07-20 цагийн хооронд зохион байгуулах, Нийслэлийн Хурлын сонгуулийн санал авах хуудас УИХ-ын саналын хуудастай нэг байх бөгөөд саналын хуудсыг УИХ-ын сонгуулийн нэгэн адил автомат машинаар тоолох, НИТХ-ын сонгуулийг зохион байгуулах сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийг томилон ажиллуулахаар тус тус хуулийн төсөлд тусгажээ.
Түүнчлэн НИТХ-ын сонгуульд нэр дэвшигч нь нийслэлд нэгээс доошгүй жил амьдарсан байх шаардлагыг оруулсан байна. Уг хуулийн төсөл батлагдснаар хуулийн нэг мөр ойлгож, хэрэгжүүлэхэд хялбар үр нөлөө авчирна гэдэгт итгэлтэй байгаагаа гишүүд УИХ-ын даргад илэрхийлж байлаа хэмээн УИХТГ-ын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.