“БНХАУ- ын Экспорт Импорт банктай байгуулах, нэг тэрбум ам.долларын зээлийн хэлэлцээрийг дэмжинэ”
УИХ дахь АН-ын бүлэг
2015.11.03

“БНХАУ- ын Экспорт Импорт банктай байгуулах, нэг тэрбум ам.долларын зээлийн хэлэлцээрийг дэмжинэ”

УИХ дахь  АН-ын бүлэг өнөөдөр /2015.11.02/ ээлжит хуралдаанаа хийсний дараа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Бүлгийн дарга Б.Гарамгайбаатар: "Бүлгийн хуралдаанаар УИХ-ын дарга болон Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо. Түүнчлэн

  • Монгол Улсын 2016 оны төсвийн тухай,
  • Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай,
  • Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэх асуудлыг хэлэлцлээ.

Улсын төсвийн төслийг дагалдсан орон нутгийн өмчийн асуудлыг мөн хэлэлцлээ. Энэ асуудалд гишүүд нэлээд болгоомжтой хандаж байна. Орон нутгийн төрийн өмчийг төвлөрүүлэн татах нь зөв үү, буруу юу гэдэгт гишүүд санал нэгдэж чадаагүй.

Үндсэн хуульд өөрчлөлт хийх, эсэх асуудлаар гишүүд мөн байр сууриа илэрхийлэв. Тус хуульд өөрчлөлт хийх нь зөв гэж Ардчилсан намын бүлгийн гишүүд санал нэгдлээ. Одоогийн байдлаар гарын үсэг зурах ажил хийж байгааг Ажлын хэсэг мэдээлсэн. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд 57 гишүүний гарын үсэг шаардлагатай. Ардын намын зүгээс аман дээрээ Үндсэн хуульд өөрчлөлт хийхэд бэлэн байна гэхч ам, ажил нь зөрсөн. Тус нам өнгөрсөн долоо хоногт томоохон арга хэмжээнүүд зохион байгуулсан. Энэ үеэр намын дарга М.Энхболд нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн ч одоогоор нэг ч гишүүн гарын үсэг зураагүйг албан ёсоор мэдэгдье.

Мөн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт Импорт банк хооронд байгуулах  нэг тэрбум ам. долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж бүлгийн гишүүд үзлээ. Энэ зээлээс 703 сая орчим ам.долларыг нь Эгийн голын төсөлд зарцуулъя.

Монголын талын хүлээх үүрэг нь 15 хувийг гаргах юм. Энэ 15 хувьд Эгийн голын төслийн бэлтгэл ажил, дэд бүтцийн концессоор гүйцэтгэж байгаа 90 орчим сая ам.долларын ажил багтаж буйг сая Засгийн газраас мэдээлсэн хэмээн УИХ дахь АН-ын бүлгээс мэдээллээ.