Дэд сайд нарын орон тоог хасна гэдэг өнөөдрийн тулгамдсан асуудал биш
УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан
2015.10.30

Дэд сайд нарын орон тоог хасна гэдэг өнөөдрийн тулгамдсан асуудал биш

УИХ-ын гишүүн Ц.Баярсайхантай ярилцлаа.

-Монголд 110 мянган ажилгүй залуус байна. Тэднийг цэрэгт явуулж, мэргэжилтэй болгон бүтээн байгуулалтын ажилд оролцуулна гэж байна. Та болохоор 110 мянга гэдэг чинь худлаа тоо гэж байх юм...

-Өнгөрөгч онд манай улсын хүн хүн ам гурван саяд хүрч, гурван сая дахь иргэнээ хүлээж авсан. Ерөнхийдөө улс ардын аж ахуйн салбарт ажиллаж байгаа 1.1 сая орчим хүн бий. Дээр нь нэг сая орчим хүүхэд байгаа. Сургуульд сурч байгаа болон бусад хүмүүсийн хүний нөөцийн балансаа гаргаад үзэхээр олон жилийн дунджаар 200 гаруй мянган хүн хөдөлмөр эрхлээгүй байдаг. Үүн дотор хүүхэд гаргасан, ажлаасаа чөлөөлөгдсөн гээд олон хүн бий. Тэдэн дунд ажил хийх сонирхолгүй ч хүмүүс байдаг юм.

Харин идэвхтэй ажил хайж байгаа 30-35 мянган иргэн байдаг. Тиймээс энэ тоог зөв гаргах ёстой. Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу иргэний журамт үүргээ биелүүлэхийн тулд залуус цэргийн алба хаах хэрэгтэй л дээ. Биднийг оюутан болоод Орост очиход Венгерээс ирсэн оюутнууд биднээс ахимаг насныхан байдаг байлаа. Яагаад гэхээр тэд эх орондоо цэргийн алба хаагаад ирдэг байсан. Энэ тогтолцоог би зөв гэж боддог. Залуусыг ажил хөдөлмөрт татан оролцуулж бүтээн байгуулалт хэрэгтэй цэгт нь ажиллуулах санал санаачилга өмнө нь гарч байсан юм.

Залуус бүтээн байгуулалтад оролцохоосоо өмнө мэргэжилтэй болох хэрэгтэй. Дараа нь ажилд орж тодорхой хугацааны дараа цалин авч хуримтлал үүсгээд их дээд сургуульд орох, орон сууцны зээлд хамрагдах гэх мэтээр зөв зам руу орох юм бол энэ зүйл хэрэгтэй. Дээд сургуульд сурсан нэртэй ажилгүй явдаг залуус манайд бий. Төр бодлогын хувьд бүхий л тал дээр нь анхаарч явах ёстой. Ямар насны залуус ажилгүй байна.

Ямар насны залуус сургуульд сурч байна, гараад ажлын байр байна уу, эдийн засгийн бүтэц ямар байгаа гэхчилэн дараагийн алхмаа харсан төлөвлөлт хийх шаардлагатай. Тэр утгаар нь энэ бодлогыг дэмжиж байгаа.

-Байнгын хорооны хурал дээр эдгээр залуусын хөдөлмөр эрхлэх асуудлыг албадлагын байж болохгүй гэж байсан. Тодруулахгүй юу?

-Олон улс талаасаа энэ нь албадлагын хөдөлмөр эрхлэлт байж болохгүй. Учир нь Монгол Улс хөдөлмөрийн суурь найман конвенцийн хоёрт нь 2004-2005 онд элсэн орсон. Элсэж орохдоо албадлагын хөдөлмөрийг устгасан хэмээн албан ёсоор орж байлаа. Үүний дүнд Европын холбооны улс руу импортын татваргүй 7600 гаруй төрлийн бүтээгдэхүүн оруулдаг болсон. Тэр утгаараа томъёоллоо зөв хийж өгөх шаардлагатай.

-Гэхдээ залуусыг цэрэгт явуулж мэргэжилтэй болгохоос эхлээд төсөв хөрөнгө шаардлагатай байх. Эдийн засаг хүнд байгаа энэ үед гарах зардлаа хэрхэн тооцох юм бол. Санхүүжилтээ хэрхэн шийдсэн бэ?

-Статистикаас харж байхад 2012 онд барилгын салбарт 60 гаруй мянган хүн ажиллаж байсан. Харин 2014 онд 72 мянга болж өссөн. Бүтээн байгуулалтын энэ явцад Монголын залуучуудын оролцоо нэмэгдсэн гэж үздэг. Уул уурхай гайгүй явж байхад энэ салбарт ажилладаг залуус их байлаа. Тэр утгаараа орон нутгийнх нь иргэд, тэнд ажиллаж буй хүмүүсийн амьдрал ахуй сайжирсан. Хүн орлоготой байх ёстой. Орлоготой байхын тулд ажилтай байх ёстой. Харин ажлын байр нь мэргэжил, ур чадвар шаардсан, хүнээ хөгжүүлэх бололцоотой байх ёстой юм болов уу.

Сүүлийн үеийн тоо баримтаас харахад гаднаас ажиллах хүч авдаг байдал барилгын салбарт гэхэд 40 хувиар багассан. Нэгэнт улсын төсвөөс мөнгө гаргаад, Чингис бонд гэх мэт гадны хөнгөлөлттэй зээл авч бүтээн байгуулалтын ажил хийж байгаа бол монгол хүнээ цалинжуулаад ажиллах ёстой. Тэгэхгүйгээр гадны хүмүүс авч ирээд ажиллуулаад байвал тэр мөнгө гадагшаа урсч байна гэсэн үг. Аль болох дотоодоосоо ажиллах хүчээ хангаад явбал энэ мөнгө Монголдоо үлдэнэ. Гаднаас огт хүн авахгүй гэж байгаа юм биш шүү. Үнэхээр ажлын дадлага, туршлагатай инженер техникийн хүнийг авч ирээд ажлын байран дээр нь сургалт явуулбал үр дүнтэй болно.

-Гэхдээ манайхан чинь цалингаа аваад ажлаа хаяад явчихдаг гээд монголчууддаа ер нь дургүй талдаа үг унагаж байгаа харагддаг?

УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан

-Улаанбаатарт тавигдсан Нарны замыг хар л даа. Япон инженерүүд зогсч байгаад бариулсан. Мөн Налайхаас цаашаа Төв аймгийн Эрдэнэ сум хүртэл авто зам тавихад инженер нь япончууд, ажилчид нь монгол хүмүүс байсан. Тэр зам гэхэд дахин мөнгө зараагүй гайхалтай зам болсон. Манайхан богино хугацаанд ур чадвартай ажлыг гүйцэтгэдэг болсон байна. Гагцхүү цалин хөлсний найдвартай систем хэрэгтэй байгаа. Компаниуд ганц жил ажил хийгээд дуусах биш хэд хэдэн жилдээ хийх ажил нь байх юм бол манай хүмүүс тогтвор суурьшилтай ажиллах боломжтой.

Тэгэхгүйгээр нэг жилд ганц тендер аваад дараа жил нь ажил олддоггүй ийм компанид яаж хүмүүс тогтвортой ажиллах юм. Компани нь ч гэсэн яаж өндөр цалин өгч ажилчдынхаа нийгмийн баталгааг хангах юм бэ. Ажлын байр буюу хөрөнгө оруулалт ялангуяа улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа ажлуудыг үндэсний компаниуддаа олгодог тийм тогтолцоо руу орчихмоор байгаа юм.

Барилгын салбар гэхэд улирлын чанартай байдаг. Тэр утгаараа ажиллах хүчин болон барилгын бүхий л зүйлээ дотоодоосоо авах шаардлагатай. Барилгын салбарын ажиллах хугацааг уртасгахын тулд барилгын материалын үйлдвэрүүдээ дэмжсэн. Мөн барилгын компаниудаа ч дэмжсэн юм. Монгол Улс үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийн тулд бүхий л салбартаа ийм бодлого явуулах хэрэгтэй.

-Их хурал ирэх оны төсвийг хэлэлцэж байна. Эдийн засаг амаргүй байгаа болохоор төрийн өндөр албан тушаалтан, улс төрийн албан тушаалтан 2900 гаруй хүний цалинг 30 хувиар хасна гэж байна. Энэ тал дээр та ямар бодолтой яваа бол?

-2015 оны төсвийн орлого тодорхой хэмжээнд тасрах нь ойлгомжтой байсан. Төсвийн орлогын төлөвлөлтийг буруу хийгээд байна. Миний хувьд статистик, төлөвлөгөөний байгууллагад нэлээд олон жил ажилласан. Бид төлөвлөлт гэдэг зүйлээсээ холдож, төсөөрсөн байна л даа. Төлөвлөгөө ярьсан хүнийг бараг социализмын үлдэгдэл маягтай ойлгож, нийгэм, эдийн засгийн төлөвлөлтийг төсөвтэй хамт хэлэлцдэгийг болиулаад дөрвөн сард нэг юм ярьдаг болгосон. Түүнийхээ гүйцэтгэлийг ярьж байгаа ч юм алга. Тийм учраас төсвийг төлөвлөхдөө анхан шатны нэгж байгууллагуудаасаа эхлээд баг, хороо, сум, аймаг, дүүрэг, нийслэл гээд төлөвлөлтөө оновчтой болгох ёстой.

Мөн бид ямар зүйлсээсээ орлого олж амьдардаг вэ гэдгээ тодорхой болгох шаардлагатай. Энэ төлөвлөлт байхгүй учраас Их хурал дээр хэлэлцэхэд орон нутагт ийм обьект хэрэгтэй байна гэдэг. Ер нь манай гишүүд төсөв ярихад л сэрдэг. “Хөөе энэ чинь сургууль, цэцэрлэггүй тэдэн жил болчихож” гээд унадаг. Тэрнийхээ зардлыг шийдэхийн тулд орлого дээр нь тэдэн төгрөг нэмчихье, тэндээс тийм мөнгө авчихъя. Төсвийн алдагдлыг бусад эх үүсвэрээс хаана гэдэг зарчмаар явсаар байгаад өнөөдөр ийм байдалд хүргэсэн. Нэг төгрөг орсон бол эргүүлээд нэг төгрөг гаргахаас өөр аргагүй.

-Тэгэхээр юу ч хийхгүй байна гэсэн үг үү?

-Төсвийг оновчтой болгохын тулд Их хурал, Засгийн газарт хийсэн зүйл бий. Төсвийн тогтвортой байдлын хуулиа батлахдаа зөвхөн уул уурхайгаас хамааралтай болчих гээд байна гэж үзээд түрүүчийн парламент экспортын гол төлөв зэсийн баяжмал, нүүрс, төмрийн хүдэр зэрэг бүтээгдэхүүнийхээ үнийг тодорхой тооцдог байсан. Үүнээс өсөх юм бол өссөнөөс орж ирсэн орлогоо Төсвийн тогтворжуулалтын сандаа авч багаар төлөвлөсөн зүйлсээ төсвийн тооцоондоо аваад явъя гэдэг нь зөв байх.

Харамсалтай нь бид тэгж явж чадалгүй олсон орлогоороо байшин барилга бариад эдийн засаг дээр жаахан хүндрэл гарангуут үүнийгээ дааж чадахгүй ийм байдалд хүрч байна. Цааш цаашдаа энэ байдлаас салах хэрэгтэй. 1998 оны улсын төсвийг хэлэлцэж байхад улсын нийт төсөв 380 тэрбум байсан. Хөрөнгө оруулалт 20 тэрбум байсныг санаж байгаа байх. Гэтэл өнөөдөр ямар хэмжээтэй өссөн байна вэ. Салбар салбараар нь авч үзэхэд 2005 оноос хойш төсөв нь 95-25 дахин нэмэгдсэн тухай байнгын хороон дээр ярьж байна. Энэ өсөлт юун дээр гарч вэ гэдгийг бодитой дүгнэх ёстой.

Азийн бүтээмжийн байгууллага гэж байдаг. Тус байгууллага гишүүн орнууддаа хандаж “Бизнесийг аль болох хүндрэл багатай явуулах, орлого нэмэгдүүлэхэд анхаарах ёстой. Хоёрдугаарт, төрийн хүнд суртлыг арилган зардлаа бууруулах хэрэгтэй” гэсэн юм. Манай улсын хувьд дээрх хоёр зүйлийг зөв хэрэгжүүлэх шаардлагатай. Яамдын тоог цөөлнө энэ тэр гээд л байна. Үнэхээр тийм юм бол бодлогоо боловсруулдаг хэдэн яам байх юм. Тэр ажлыг хийхэд хичнээн албан хаагч хэрэгтэй вэ.

Хэрэгжүүлэлтийг нь зохицуулдаг агентлаг хэд байх ёстой юм гэдгээ тогтчих. Ингэж чадвал төрийн зарим чиг үүргийг ТББ, хувийн хэвшлийн ямар компаниар гүйцэтгүүлэх боломж байна гэдэг тодорхой болно. Харамсалтай нь бид ингэж чадалгүй өнөөдрийг хүрч байна. Хөрөнгө оруулалт байнга нэмэгдэж байгаа. Барилгын салбарт нэг компани тендерт яллаа гэхэд ялагдсан компани нь шүүхэд өгч сунжирдаг. Үүнээс болж тухайн компани цаг хугацаандаа ажлаа хүлээлгэж өгөх боломжгүй болдог.

Зарим барилгыг төсөвт өртгийг нь тухайн жилийн төсөвт маш багаар суулгаж өгдөг. Ингээд шилжих барилга болчихоор өмнө нь тавьсан мөнгө эхлүүлсэн ажлынхаа харуул, хамгаалалтад бараг таардаг юм. Энэ маягаар төсөв нь хэтэрдэг. Үүнийгээ цэгцэлж өөрсдийнхөө хөрс суурин дээр харах шаардлага Засгийн газар, УИХ-ын өмнө тулгарч байна.

-Дэд сайд нарын орон тооны цомхотгол хаашаа эргэх гээд байна вэ. Хууль батлагдсан өдрөөсөө хэрэгжинэ гэж нэг хэсэг нь яриад нөгөө хэсэг нь ирэх оноос хэрэгжинэ гээд байх юм?

-2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсөвт зарим төрийн байгууллагыг нэгтгэх, чиг үүргийг нь өөрчлөх зарим нэг орон тоог хасна гэж байна. Гэхдээ үүнийг хийгээд байх ч зүйл биш юм. Хамгийн гол нь төсвийнхөө бүтэц, төлөвлөлтийг сайжруул. Шаардлагатай ажил хийдэг газруудаа оновчтой болгох хэрэгтэй. Дэд сайд нарын орон тоог хасна гэдэг өнөөдрийн тулгамдсан асуудал яг ч биш юм.

Засгийн газар яагаад ийм асуудал оруулж ирсэн юм бол хэмээн гайхаж л сууна. Ийм маягийн хэмнэлтийг хийчих бүрэн боломж байгаа. Хувийн хэвшлийнхний хийчих ажлыг төсвийн мөнгөөр хийнэ гээд оруулаад ирчихсэн байна. Шаардлагагүй хөрөнгө оруулалтууд ч их байна. Энэ бүгдээ зөв харахгүйгээр зарим зүйлийг хэтэрхий улстөржүүлээд байгаа нь төсвийг бодитой төлөвлөж, батлахад хүндрэл учруулах байх.

-Томоохон ордууд эргэлтэд орчихвол эдийн засгийн хүндрэл гэдэг тийм ч хүнд зүйл биш гээд байгаа. Та харин ямар бодолтой байна вэ?

-Томоохон төслийг хэрэгжүүлж эхэлнэ гэдэг бол ганцхан манай улсад ч учраад байгаа зүйл биш. Бусад орнууд ч гэсэн томоохон төслийг явуулахдаа нэлээд хүндрэл бэрхшээлийг туулдаг юм билээ. Хамгийн гол нь ойлголтын зөрүү байдаг. Төсөл хөтөлбөрүүд хэрэгжлээ гэхэд цаашдаа улс орны болон ард түмний амьдралд хэрхэн нөлөөлөх юм. Хүрээлэн буй орчиндоо яаж нөлөөлөх вэ гэдгийг Засгийн газар маш сайн тооцож байж Их хуралд хуулийн дагуу оруулдаг байх хэрэгтэй.

Их хурлаар тодорхой төслийг хэлэлцэж батлах шаардлагагүй гэж боддог. Засгийн газар өөрийн эрх үүргийнхээ хүрээнд асуудлаа шийдээд буруу зөвийг нь Их хурал дээр яриад явдаг болох хэрэгтэй. Бид томоохон төслүүд дээр нэгдсэн нэг ойлголттой байх ёстой. Тэгэхгүйгээр өөр хоорондоо зөрчилтэй байгаа нь чухам бидний ойлголтын зөрүү юм уу, гадны захиалга юм уу гэдгийг би ялгаж чадахгүй байна. Бид нэг үгээр ярьдаг байвал хөрөнгө оруулагчидтай хэл амаа ололцоно. Манайхан дотроо зөрчилтэй зүйл яриад байхаар гадны байгууллагууд тоглоод байна уу даа гэж харах юм. Аль ч төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ нутаг усандаа амьдарч байгаа малчнаасаа эхлээд УИХ, Засгийн газрын гишүүд нь нэг л ойлголттой болох ёстой.

Хамгийн гол нь нутагтаа амьдарч байгаа хүмүүс гол асуудлыг нь хэлнэ шүү дээ. Олон зуун жил бидний амьдарч ирсэн амьдрал ахуйд ингэж нөлөөлөх юм байна гээд ярина. Үүнийг шинжлэх ухааны байгууллагууд нь судлаад энэ төслийг явуулъя, энэ төслийг явуулж болохгүй юм байна гэдэг дүгнэлтээ гаргадаг болох хэрэгтэй. Ингэхгүйгээр бүхнийг дээрээсээ шийдээд явж боломгүй байгаа юм. Эдийн засагт нөлөөлөхүйц хэмжээний төслүүд явах ёстой.

-Өнөөдрийн нөхцөлд барилгын салбар хүнд байгаа. Хэдхэн жилийн өмнө хамгийн урагштай яваа салбар хэмээн нэрлэгдэж байсан хэдий ч өнөөдөр зогсчихлоо. Зах зээлд 30 орчим мянган орон сууц эзнээ хүлээж байна гэх юм. Барилгын компаниуд ажилчдаа цомхотгоод эхэлсэн байгаа. Энэ бүхнийг өмнө нь тооцоолох боломж байгаагүй юм уу?

-Барилгын салбарын ажиллах хугацааг уртасгаж, барилгын талбай дахь нойтон ажлыг багасгах үүднээс дотоодын барилгын материалын үйлдвэрийг дэмжсэн. Барилгын материалын үйлдвэрүүд өвөлдөө ажиллахгүй зогсчихдог байсан тул аль болох гаднаас материал оруулж ирдэг байсан. Өнөөдрийн нөхцөлд бид гаднаас 70 гаруй нэр төрлийн барилгын материалыг авах шаардлагагүй болчихлоо. Ирэх оноос манай улс зургаан сая тонн цемент үйлдвэрлэдэг болно. Шохойтой хавтан, төмөр хийц, сантехникийн хоолой гээд бүхий л зүйлсээ дотооддоо үйлдвэрлэдэг болсон.

Иргэдийг орон сууцаар хангах гэдэг бол төрийн том бодлого л доо. Найман хувийн хүүтэй гээд хязгаарлагдмал эх үүсвэр явж байсан. 2003 оноос моргейжийн зээлийг банкууд өөрсдийн эх үүсвэрээр олгоод явсан. Сүүлд нь зургаан хувь гээд Хөгжлийн банкнаас санхүүжүүлээд ажил эхэлсэн ч мөнгө нь дууссан. Тиймээс орон сууцаар хангах бодлогын хүрээнд нэгдүгээрт, найман хувийн хүүтэй моргейжийн зээлийн тогтолцоо гаргасан.

Эрэлт талдаа асуудлыг нь шийдэхээр нийлүүлэлт талд нь материалын үйлдвэрийг дэмжсэн. Ингэснээр орон сууцны үнийн хэт хөөрөгдлөөс сэргийлж өгсөн. Барилгын явц нь дуусах дөхсөн барилгуудыг арилжааны банкуудтай хамтран судлаад нийлүүлэлтийг нь дэмжээд явсан. Одоогийн байдлаар манай улсад 73 мянган өрх моргейжийн зээлтэй байна. Үүний 52 мянга нь найман хувийн зээлд хамрагдсан. Гэхдээ моргейжийн зээлээр орон сууцны бүх асуудлыг шийдэхгүй. Дараагийн үе шат нь түрээсийн орон сууц хөтөлбөр. Түрээсийн орон сууц хөтөлбөрийг Засгийн газар баталсан байна лээ.

Моргейжийн зээлээр орон сууц авч чадахгүй байгаа хэсэг түрээсийн орон сууцанд амьдарч байгаад дараа нь орон сууц авч моргейжийн зээлд орох боломж байгаа. Мөн манай улс иргэддээ газар өмчилсөн. Тиймээс иргэд өөрсдийн газар дээрээ амины орон сууц бариад амьдрах бүрэн боломжтой. Тэр утгаараа амины орон сууцыг моргейжийн зээлд хамруулсан. Нэг үе орон сууц дутагдалтай байдаг байсан бол одоо илүүдэлтэй болсон байна. Илүүдэл орон сууцыг шийдэх гарц бий. Байшин байхгүй байхад асуудал нэг өөр. Байгаа нөхцөлд түүнийг эзэмших, ашиглах гээд өөр асуудал.