Шаардлагагүй зардлыг бууруулах замаар цалин, тэтгэврийг нэмэх ёстой
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан
2015.10.27

Шаардлагагүй зардлыг бууруулах замаар цалин, тэтгэврийг нэмэх ёстой

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар энэ оны төсвийн тодотгол, ирэх оны төсвийн төслийг хэлэлцлээ.

Хуралдаанаар цалинг хасах Засгийн газрын саналыг МАН-ын бүлэг дэмжихгүй гэдэгт санал нэгдлээ. Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ "Хямралтай үед ард иргэдийн орлогыг нь бууруулах нь буруу. Тэвчиж болох урсгал зардал, шаардлагагүй зардал, тухайлбал, гадаад, дотоод томилолт, сургалт, семинар, шатахуун, унааны зардлыг бууруулах боломжтой.

Шинээр байгуулсан улсын 119 үйлдвэрийн газар, төрийн өмчит компаниудын асуудлыг шийдэх ёстой. Эдгээр зардлыг хэмнэсэн мөнгөөр цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх ёстой" гэлээ. Мөн МАН-ын бүлэг тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлыг төсвийн хэлэлцүүлгийн үеэр хөндөж тавихаар болсон байна.

МАН-ын бүлгийн хувьд Засгийн газраас оруулж ирсэн нефть бүтээгдэхүүн, бензин шатахууны татварыг нэмэгдүүлэх саналыг дэмжихгүй хэмээн байр сууриа илэрхийлэв. "Дэлхийн зах зээлд шатахууны үнэ 2.5 дахин буурсан байхад Монголд 10 хувиар ч буураагүй байна.

Саяхан Тайвань шатахуунаа нэг литр тутамд монгол төгрөгтэй харьцуулахад 500 төгрөгөөр буулгасан. Хилийн цаана ОХУ-д нэг литр нь 1000 гаруй төгрөг байхад Улаанбаатарт 1800 төгрөг байна. Тиймээс хямралтай үед шатахууны татварыг нэмэхийн оронд үнийг бууруулж, улсын хэмжээнд шатахууны үнийг ижил болгох ёстой" гэж бүлгийн дарга С.Бямбацогт мэдээллээ.