Мэндчилгээ
Улсынхаа тусгаар тогтнолын төлөө монголын бүх ард түмэн нэгэн дуугаар санал өгсний 70 жилийн ойг тохиолдуулан нийт ард иргэддээ чин сэтгэлийн халуун мэндчилгээ хүргэж, энх тунх, жаргалтайн дэлгэр байхын өлзийт ерөөлийг өргөн дэвшүүлье.
XX зуун бол Монгол Улсын үндэсний тусгаар тогтнол, төрийн бүрэн эрхт байдлаа олж авч, бататган бэхжүүлсэн он жилүүд байсан билээ.
Улсын Бага Хурлын Тэргүүлэгчид 1945 оны есдүгээр сарын 21-нд БНМАУ-ын тусгаар тогтнолын асуудлаар ард түмний санал хураалт явуулах асуудлыг хэлэлцэж, орон даяар санал хураалтыг аравдугаар сарын 20-нд зохион байгуулахаар тогтжээ.
Бүх орон даяар 13 мянга гаруй хурал цуглаан болж, түүнд олон зуун мянган хүн оролцож, улс орныхоо тусгаар тогтнолын төлөө амь насаа зориулахад ч бэлэн байгаагаа илэрхийлсэн илэрхийлэлт, баярын бичиг, хүсэлт олон арван мянгаар ирж байсан юм.
Энэ ажлыг зохион байгуулахад Монгол Ардын Намын байгууллагууд хамгийн идэвхтэй оролцжээ.
1945 оны аравдугаар сарын 20-нд болсон санал хураалтад тус улсын нийт иргэдийн 98.4 хувь нь оролцож, цөм төрийнхөө бүрэн эрхт байдал тусгаар тогтнолыг нэгэн дуугаар батлан гарын үсэг зурцгаасан байна.
Энэхүү санал хураалтын үйл явц үр дүн нь БНМАУ-ыг олон улсын тавцан дээр хүлээн зөвшөөрүүлэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн юм.
Олон арван жилийн турш шаргуу тэмцэж, үндэсний тусгаар тогтнол, төрийн бүрэн эрхт байдлаа олон улсад хүлээн зөвшөөрүүлсэн гол гавьяа тухайн цагийн эрх баригч байсан, одоогийн Монгол Ардын Намд зүй ёсоор оногдоно.
Энэхүү түүхт ойг тохиолдуулан, улс орныхоо тусгаар тогтнолын төлөө халуун амиа огоорон тэмцэж, хөлс хүч, оюун билгээ дайчилж бататган туурга тусгаар улс орноо бидэнд өвлүүлэн үлдээсэн ахмад үедээ баярлалаа.
Эх орон минь эрх чөлөөтэй, Ард түмэн маань аз жаргалтай байж,
Туурга тусгаар Монгол Улсын маань
Өлмий өнө мөнх бат орших болтугай!
УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд