"1000 ТӨГРӨГ АЯН” –д
2015.10.15

УИХ-ын гишүүд "1000 ТӨГРӨГ АЯН” –д нэгдсээр

MN-25-р суваг телевизээс санаачлан Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн  Түлэнхийн тасгийн хамт олонд эмчилгээ явуулахад нэн шаардлагатай байгаа сүүлийн үеийн шинэ технологи болох арьс зүсэгч аппарат, донор арьсыг хадгалах хөргөгчийг авч өгөх зорилгоор “1000 ТӨГРӨГ” аяныг зохион байгуулж байгаа билээ. 

Манай улсын эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай зарим тоног төхөөрөмжийн хангалт муу байдгаас эмчилгээний үр дүн сайжрахгүй, бүрэн эмчлэгдэх боломжгүйд хүрдэг.

MN-25-р суваг телевизийн "1000 ТӨГРӨГ АЯН” –д УИХ-ын гишүүд ямар байр суурьтай байгааг  “Тодруулга” булангаар хүргье.

УИХ-ын гишүүн Р.Бурмаа: Их сайхан зүйл санаачилсан байна. Дэмжиж байна. УИХ дээр төсөв хэлэлцэх үеэр энэ асуудлыг ярилцах үед 100 хувь дэмжинэ. Үүнтэй холбоотой асуудал дээр дэмжсэн санал өгөх болно.

УИХ-ийн гишүүн Д.Батцогт: Хавдарын үндэсний төвийн асуудал дээр нийт дөрвөн тэрбум орчим төгрөгийг шийдээд  хуралдаад тарлаа. Түлэнхийн төвийн асуудал их чухал. Та бүхэн сайхан санаачлага гаргасан байна. Миний хувьд үүнд нэгдэнэ. Төсөвт тодорхой хэмжээний мөнгө тусгах тал дээр анхаарч ажиллах болно. Саяхан Эрүүл мэндийн сайдад тодорхой чиглүүлэлт өгсөн. Эрүүл мэндийн салбарын хэмжээнд нэн тулгамдаж байгаа ямар тоног төхөөрөмж,  хэрэгтэй байгаа хөрөнгө оруулалтаа эрэмбэлээд аваад ир эндээс боломжоороо нэн тэргүүнд эрүүл мэндийн салбарыг анхаарах шаардлага байгааг хэллээ. Үргэлжлүүлээд ажлын хэсэг гаргасан байнгын хороон дээр ажиллаж байгаа.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Хүн гэнэт ахуй болон янз бүрийн ослоос болоод түлэгдэнэ гэдэг хамгийн их шаналал авчирч байгаа. Үүнд хандив цуглуулж, тоног төхөөрөмж авах гэж аян өрнүүлж байгаад баярлаж байна. Би нэгдэж ажиллах болно. Түлэгдсэн хүмүүс маань ихэнх нь гадаадын эмнэлгийг бараадаж байгаа. Монголд эмчлэгдэх боломжгүй байх нь элбэг. Энэ чиглэлд эхлэл болгож аян зохион байгуулж байгаад баяртай байна. Тодорхой хэмжээний мөнгөн дэмжлэг үзүүлэх болно.