“Гүн галуутай” цогцолбор сургуульд ирээдүйн инженерүүд бэлтгэгдэж байна
БСШУ-ны сайд Багануур дүүргийн ерөнхий боловсролын “Гүн галуутай” цогцолбор сургуулийн сургалтын үйл ажиллагаатай танилцлаа.
Тус сургуулийн хувьд сурагчдыг хүсэл сонирхлынх нь дагуу секц дугуйланд идэвхтэй хамрагдуулдаг байна. Тус сургууль дээр жүдо бөхийн дугуйлан, БСШУЯ-аас зарласан “Авьяас” хөтөлбөрийн дагуу үндэсний болоод орчин үеийн хөгжмийн дугуйлан, мөн хүүхдүүдийн оюун ухаан, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой стем технологийн дугуйлан хичээллэдэг байна.
Стем технологийн дугуйланд хичээллэснээр сурагчид ирээдүйд төрөл бүрийн инженер болох суурь тавигддаг байна. Уг дугуйлан нь өнгөрсөн хичээлийн жилээс эхлэн байгуулагдсан бөгөөд анги бүрээс ирээдүйд инженер болох сонирхолтой хүүхдүүдийг авсан байна. Тэд өдөрт хоёр цагаар хичээллэдэг бөгөөд янз бүрийн техникүүдийг загварын дагуу эвлүүлдэг байна.
Стем технологийн дугуйланд хэрэглэгддэг хэрэглэгдэхүүний хувьд нэг бүр нь 500 мянган төгрөгийн үнэтэй аж. Харин Гүн галуутай цогцолборын сурагчдын хэрэглэж буй уг хэрэглэлийг тус сургуулийн төгсөгчид болоод бусад байгууллагын хандиваар авчээ.
Уг дугуйланд суралцахыг хүссэн олон сурагчид байдаг гэдгийг тус дугуйлангийн багш Д.Болорцэцэг хэлж байлаа. Хэдийгээр цөөн тооны сургалтын хэрэглэлтэй хэдий ч нэг хайрцагнаас нь 40 төрлийн загвар гардаг болохоор хүүхдүүдийн оюун ухааныг хөгжүүлэхэд нэн тустай гэдгийг тэрбээр нэмж хэлсэн юм.