Онцгой байдлын дэд хурандаа С.Базаррагчаа эрдмийн зэрэг хамгааллаа
ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн дулааны инженер-судлаач, онцгой байдлын дэд хурандаа С.Базаррагчаа “Пенополистирол ба пенополиуретаны шатамхай чанарыг үнэлэх судалгаа” сэдвээр доктор (Ph.D)-ын зэрэг хамгааллаа.
Дэд хурандаа С.Базаррагчаа онцгой байдлын салбарт 16 дахь жилдээ галын шинжилгээ судалгааны чиглэлээр ажиллаж байна.
Тэрээр судалгааны ажилдаа, барилгын салбарт нэвтэрсэн, хямд төсөр үнэтэй, гал түймрийн эрсдэлийг нэмэгдүүлэхэд нөлөөлж байгаа шатамхай шинж чанартай пенополистирол, пенополиуретаныг сонгон авчээ. Шатамхай пенополистирол, пенополиуретан нь мод, цаас гэх мэт хялбар шатдаг материалуудаас хүчтэй шатдаг ба шаталтын бүтээгдэхүүн нь хордуулах чанар өндөртэй юм байна.
Доктор С.Базаррагчаа пенополистирол, пенополиуретан зэрэг Монгол улсын барилгын салбарт өргөн хэрэглэгддэг полимер материалын шатамхай шинж чанарыг шинжлэх ухааны үндэслэлтэй орчин үеийн чиг хандлагад нийцүүлэн тодорхойлж, лабораторийн судалгаагаар хийн фазын гал авалцан шатах зүй тогтолд дүн шинжилгээ хийж, түүний болзошгүй гал түймрийн үед галын тархалтанд нөлөөлөх байдал ба галын аюулыг гал хөгжих үеэр тогтоох шинэ загварын аргачлал боловсруулжээ.
Судалгааны нэг шинэлэг тал нь Пенополистирол, пенополиуретан, пенополистирол дүүргэгчтэй сэндвич хавтангийн галын техникийн үзүүлэлтийг тодорхойлж, хийн фазын гал авалцах болон шаталтын зүй тогтлыг Монголын нөхцөлд тодорхойлсон онцлогтой.
Мөн барилга байгууламжийн гал түймрийн эрсдэлийн үнэлгээнд шатамхай пенополистирол, пенополиуретаны галын аюулын үнэлгээг ашиглах үнэлгээ бодитой тодорхойлогдож урьдчилан сэргийлэх арга хэмжээ үр дүнтэй болох, түүнчлэн шинээр баригдах барилга байгууламжийн материалын оновчтой сонголтонд нөлөөлөх практик ач холбогдолтой болсон гэж тэрээр ярилаа.
Гамшиг судлалын хүрээлэнгийн дулааны инженер-судлаач, доктор, онцгой байдлын дэд хурандаа С.Базаррагчаад Онцгой байдлын албаны нийт бие бүрэлдэхүүн баяр хүргэсэн байна.