Шинжлэх ухааны төсөлд тендер байх ёсгүй
Д.Ганбат
2015.06.02

Шинжлэх ухааны төсөлд тендер байх ёсгүй

ШУТИС-ын Механик Тээврийн сургуулийн профессор салбарын эрхлэгч Д.Ганбаттай ярилцлаа. 

- Өнөөдөр Монголд яагаад шинжлэх ухааны ололтууд амьдралд нэвтрэхгүй байна вэ? 

Шинжлэх ухаан технологийн санг анх байгуулагдахад эрдэмтдээ үнэхээр дэмжих байгууллагатай боллоо гэж бодсон. Гэвч жинхэнэ утгаараа ажиллаж чадахгүй байна. Би зургаан жил тасралтгүй төслийн материалаа өгсөн ч нэг нь ч хэрэгжээгүй. Эцэстээ залхаад больсон. Энэ нь төр эрдэмтдээсээ хичнээн хол хөндий байдгийг харуулж байна.

Дэлхийн жишгээр аль нэг салбарт зайлшгүй хэрэгтэй байгаа төслийг шаардлага хангасан нөхцөлд элдвийн шалгаруулалт явуулалгүй шууд сонгоод хэрэгжүүлдэг. Гэтэл манайд тендер зарладаг. Тендерийг ямар тохиолдолд зарлах, зарлахгүйг бодолцмоор байна. Тендер чинь бөөн будлиан гэдгийг  бид бүхэн мэднэ. Эрдэмтэд маш олон төсөл явуулдаг. Хариу хэлдэггүй. Тэгсэн мөртөө эрдэмтдийн санааг ашиглаад тендер шалгаруулсан нэрээр аль нэг хувийн компанид төсөл өгчихдөг. Металлургийн төслийг тэс өөр чиглэлийн компанид өгчихсөн байх жишээтэй. 

Аливаа улс цаанаасаа бодлоготой шинжлэх ухааны төслийг дэмждэг. Технологийг байнга гаднаас авна гэж байхгүй. Өөрсдийн гэсэн технологийг хөгжүүлэх хэрэгтэй биз дээ? Миний бодлоор яамнаас эдийн засагт хэрэгтэй төслүүдийн жагсаалт гаргаад хариуцсан сургууль, шинжлэх ухааны хүрээлэнд нь даалгаад өгчихдөг байх хэрэгтэй. Японд ийм жишиг байдаг.

Шинжлэх ухааны төсөл олон давуу талтай. Нэг төслийг хэрэгжүүлэхэд тоног төхөөрөмжүүд нь тухайн сургуульдаа үлдэж сургалт явуулахад ашиглагддаг. Магистр, докторуудад хэрэгтэй судалгааны лабораториуд бий болно.

- Тэгвэл Монголын гэсэн тодотголтой технологийг бий болгох боловсон хүчин хангалттай бий юу?

Улсын болон хувийн шугамаар гадаадад бэлтгэгдсэн, юм хийе гэсэн санаа өвөрлөсөн зөндөө залуус байна. Тэдний мэдлэг, чадварыг ашигламаар  байна. Эрдэмтэн хүн зөвхөн лекц уншаад явбал утгагүй биз дээ? Гэтэл тэр санаачлагыг нь санхүүжүүлэх тогтолцоо алга. Одоогийн нөхцөлд эрдэмтэд гуйлга гуйж байгаа юм шиг харагддаг.

Гадаадад төгссөн зарим нэг эрдэмтэн нь амьдралын эрхээр гадаадын сургуульд ажиллахаар эргээд явдаг. Бид өөрсдийнхөө оюуны нөөц бололцоог ашиглаж чадахгүй байна.

Улс орныг улс төрчид биш инженерүүд хөгжүүлдэг байхгүй юу. 

Мэдлэгтэй хүн түүнийгээ ашиглахгүй удвал зэвэрдэг. Миний хувьд Германаас ирээд 10 жил болж байна. Германы их сургуульд профессорын багт ажиллаж байсан. Гэтэл би Монголд зөвхөн тэнхимийн эрхлэгчээр ажиллаад ямар нэгэн төсөлгүй сууж байна. Дорвитой хийсэн ажилгүй. Өчнөөн олон жил төсөл бичсэн ч төр намайг хүлээж аваагүй. Анх ирэхдээ маш олон төслийн санаатай ирсэн ч биеллээ олсонгүй. Ер нь гадаадад төгсөөд ирсэн хүмүүс иймэрхүү байдалтай л байдаг. Бүгд төрөөс ямар төсөл өгөх бол гээд хүлээж  суудаг. Хувийн компаниуд ч ялгаагүй “төслийн мөнгө өгөхгүй байнаа” гэж хэлдэг. Ингээд бүх зүйл төрөөс хамаатай болчихдог. 

Өнөөдөр Монголд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хамгийн их хэрэгтэй байгаа металлургийн болон химийн үндсэн үйлдвэрийн төслүүдийг хэрэгжүүлэх ёстой. Яаманд ажилладаг салбар хариуцсан мэргэжилтнүүд юу хийдгийг би ойлгодоггүй. Манай шинжлэх ухаанд бодлого гэж огт алга. Гэтэл бид казино яриад сууж байна шүү дээ.

- Эрдэмтдийн явуулсан төслийг чухам хаана гацаагаад байна вэ?

Эрдэмтний бэлдсэн төсөл эхлээд их сургуулийн удирдлагад очно. Дараа нь хариуцсан салбар яамдуудад хүргэгдээд түүний дараа яамны харъяа Шинжлэх ухаан технологийн санд очдог. Төслүүд тэнд үргэлж гацдаг, унадаг, улстөрждэг.  Улс орныг улс төрчид биш инженерүүд хөгжүүлдэг байхгүй юу. Зам барьсан ч инженер, барилга барьсан ч инженер хэрэг болно. Боловсролын яам боловсролын чиглэлийн байгууллага биш улс төрийн байгууллага болчихоод байна.

- Шинжлэх ухааны төслийг түргэн хугацаанд эдийн засгийн эргэлтэд оруулж чаддаг орнуудад төсөл шалгаруулахад ямар зарчим үйлчилдэг вэ?

Японд тухайн сургуулийн дэргэд судалгааны төв байгуулаад цаанаас нь төслийн даалгавар өгчихдөг. Харин Германд арай өөр. Автомашины олон үйлдвэртэй учраас том компаниудас эрдэмтдийн дунд төсөл зарладаг. Германд үйлдвэрлэдэг автомашины төслийг зөвхөн эрдэмтэд л хийдэг.

Ерөнхийдөө дэлхий дахинд төр, хувийн хэвшил, их сургууль гэсэн гурван тал оролцдог. Төр бодлогоороо зохицуулж, хувийн хэвшил нь төслийн захиалга өгч, эрдэмтэд нь төсөл бичдэг.

- Хувийн компаниуд шинжлэх ухааны төслийг ойлгож хүлээж авах хандлага нь хэр байна вэ?

Өмнөхөө бодвол хамаагүй дээрдсэн. Урьд нь гахай чирээд ганзагын наймаанд явдаг байсан хүмүүс одоо үйлдвэрлэлд шинжлэх ухаан хэрэгтэй гэдгийг ойлгож байна.  Манай төгсөгчдийг авч байна. 

- Шинжлэх ухааны академи яаж ажиллах талаар янз бүрийн маргаан явдаг. Таны хувьд юу бодож байна вэ?

Хэдийгээр би академич байж дотор нь ажиллаж үзээгүй ч миний бодлоор ШУА яамтайгаа хамтраад боловсрол шинжлэх ухааны бодлогыг барьж байх ёстой газар. Монголын ШУА өөрсдөө компьютер үйлдвэрлэх хэмжээнд хүртэл хөгжсөн үе байсан. Харамсалтай нь одоо нурчихаад байна. 

- 2012 онд батлагдсан Инновацийн тухай хуулийн талаар та юу хэлэх вэ?

Энэ хуульд тусгасан эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулж, шинжлэх ухааны ололтод тулгуурласан бүтээгдэхүүн үйлдвэрлэж болно гэсэн санааг эрдэмтэд дэмждэг.