Дэд сайдыг цомхотгосон бол 672 сая төгрөг хэмнэх байжээ
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2015.10.05

Дэд сайдыг цомхотгосон бол 672 сая төгрөг хэмнэх байжээ

Бие даагчдын зөвлөлийг төлөөлж УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Бие даагч гишүүдийн хувьд цали нэмэх ёстой гэсэн байр суурь барьж байгаа аж. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголд цалин нэмэхгүй байх асуудлыг тусгасан байна. Дээр нь гурван тал ямар нэг тооцоо судалгаа, хэлэлцээр хийхгүйгээр цалин нэмэхгүй гэдэг шийдвэрт хүрсэн нь буруу. Эдийн засаг хүнд үед цалин, тэтгэврийг нэмэх ёстой гэж бие даагчдын зөвлөл үзэж байгаа.

2015 оны улсын нэгдсэн төсөв 600 тэрбум төгрөгөөр тасарч байна. Энэ нь орох ёстой орлогыг авч чадахгүй байгаатай холбоотой юм. Олигархиудад ээлтэй 3 жилийн бодлого хэрэгжиж ирлээ. Төсөв бүрдэхгүй байгаа нь уул уурхайн компани, архи тамхины Онцгой албан татварыг бууруулсанаас болсон. Гор нь өнөөдөр гарч ирж байна.

Бие даагчдын зөвлөл 17 дэд сайдыг танаач гэсэн бодлого анхнаасаа барьсан. Үг аваагүй, харин одоо энэ бодлого хэрэгжих гэж байна. Орлогоо яаж нэмэгдүүлэх талаар тооцохгүй байна. “Оюутолгой”-гоос 5 хувийн рояльти авдаг, 3 хувийг нь буцаагаад зарлага гээд өгчихдөг.

Орлогоо нэмэх тал дээр онцгой анхаарах ёстой. Хямрал болох тусам эдийн засгаа тэлэх бодлого барих ёстой. 17 дэд сайд гэдэг бол улс төрийн бялуу. Тухайн үеийн миний судалгаагаар 672 сая төгрөгийг 17 дэд сайдыг танаснаар хэмнэх байсан. Үүнд дайвар зардал болон томилолтын зардлыг оруулж тооцоогүй гэсэн юм.

Энэ удаагийн хэвлэлийн хуралд С.Ганбаатар гишүүн ганцаараа оролцсон нь УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн орон нутагт ажиллаж байгаа, Х.Болорчулуун гишүүн өвчтэй юм байна.