Монгол улс төсвийн ил тод байдлаар муу дүн авлаа
2015.09.16

Монгол улс төсвийн ил тод байдлаар муу дүн авлаа

Зах зээлийн товч мэдээ. 2015 оны 09 дугаар сарын 16-ны байдлаар: 

Монгол Улс төсвийн ил тод байдлын үзүүлэлтээр дэлхийн улс орнуудтай харьцуулахад "хангалтгүй" буюу 100 онооноос 51 оноо авсан талаар Нээлттэй нийгэм форумаас мэдээллээ. Энэ удаагийн үнэлгээ нь 2012 онд авч байсан 51 оноотой ижил буюу ямар нэгэн ахиц дэвшилгүй байна.

Монгол Улсын гадаад худалдааны нөхцөлийн индекс наймдугаар сард дахин буурч, 1.313 нэгж болсон талаар Төв банкнаас мэдээллээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20 орчим хувиар, өмнөх сараас 12 хувиар буурсан үзүүлэлт болсон байна.

Улаанбаатар хотын шинэ нисэх буудал барих төсөл дуусахад 480 хоног үлдээд байна. Есдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар барилгын ажлын явц 56.8 хувьтай байгаа аж.

Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлснээр наймдугаар сард дотоодын агаарын тээврийн зорчигч болон ачаа тээврийн хэмжээ буурч, гурван жилийн доод хэмжээтэй адил болжээ. Энэ оны эхний найман сарын хугацаанд 432.8 мянган хүн агаараар аялсан бол 2014 онд энэ тоо 483 мянга, 2012 онд 534.8 мянга байжээ.

Зэс, алтны чиглэлд хайгуул явуулдаг "Xanadu Mines" компани энэ оны эхний хагаст 1.4 сая австрали долларын алдагдалтай ажилласан байна. Энэ нь оны өнгөрсөн мөн үеэс 500 мянган австрали доллараар буурсан дүн болжээ. Тус компани тайлант хугацаанд 1.6 сая австрали долларыг Хармагтай ордын хайгуулын ажилд зарцуулсан байна.

БНХАУ-ын гангийн үйлдвэрлэл өнгөрсөн сард 67 сая тонн болж, сарын дүнгээрээ 1.7 хувиар өслөө. Энэ нь аль хэдийн илүүдэлтэй байгаа гангийн зах зээлд нийлүүлэлт нэмэгдэх дохио гэж шинжээчид харж байна

2015/08 дугаар сарын байдлаар Улаанбаатары хотын инфляци 5.9 хувь, суурь инфляци 7.2 хувьтай байна.