Бүгд найрамдахчуудын хүрээлэнтэй хамтарна
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ө.Энхтүвшин АНУ-ын Улсын Бүгд найрамдахчуудын Олон улсын хүрээлэнгийн Азийн хэлтсийн орлогч дарга, хатагтай Тина Мэффордыг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Байнгын хорооны дарга Ө.Энхтүвшин тус байнгын хорооноос энэ онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудаа товч танилцуулав. Тухайлбал, Сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох ажлын хүрээнд хоёр хуулийн төсөл өргөн баригдсаныг Байнгын хороо хэлэлцээд чуулганы хуралдаанд оруулах гэж байгаа, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төсөл удахгүй өргөн баригдахаар бэлтгэгдэж буй, Төрийн албаны тухай хуулиа шинэчилж, төрийн үйлчилгээний хамрах хүрээг илүү тодорхой болгох ажлыг хийхээр төлөвлөж байгаа, түүнчлэн төрийн албан хаагчдыг сургаж бэлтгэх зэрэг ажлуудыг төлөвлөж, заримыг нь хэрэгжүүлж эхлээд байгаа гэв. Тэрбээр уулзалтад ТББХ-ны ажлын албаны дарга болон зөвлөхүүд оролцож байгааг мэдэгдээд БНОУХ-тэй хамтран ажиллах болсондоо таатай байгаагаа илэрхийллээ.
Хатагтай Тина Мэффорд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан асуух асуулт байна гээд, энэ хуулийн төсөлд иргэдийн оролцоог хангах талаар хэрхэн тусгаж байгаа талаар тодрууллаа.
Ө.Энхтүвшин дарга "Бид яг энэ асуудлыг маш сайн тусгасан байгаа" хэмээн хариулаад цаашид хамтран ажиллахад ямар нэг бэрхшээл гарахгүй гэдэгт итгэлтэй байна гэв.
Тэрбээр төрийн албан хаагчдыг сургаж бэлтгэх, Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах чиглэлээр нэн тэргүүнд хамтран ажиллах боломж байна гээд цаашид ажлын чиглэлээ илүү тодорхой болгох уулзалтуудыг хийх санал дэвшүүлснийг тус хүрээлэнгээс дэмжин хүлээж авав.
Хатагтай Тина Мэффорд энэ долоо хоногт Өвөрхангай аймагт явагдах УИХ-ын гишүүдийн бие төлөөлөгч-туслахуудын сургалтад оролцох, хөдөө орон нутагт очиж үзэх төлөвлөгөөтэй байгаа аж. Тэрбээр Байнгын хорооны даргаас тойрогтоо хэр олон удаа очиж чаддаг талаар нь сонирхон асууж, Хөвсгөл нуурын тухай таны яриа сонирхол татаж байна гэв.
ТББХ-ны дарга Ө.Энхтүвшин чуулганы завсарлагаанаар тойрогтоо ажилладаг гээд, энэ жил малчдын хувьд хүнд жил байсан учир өвөл тойрогтоо ажиллах үедээ олон суманд очиж чадаагүй гэв. Байнгын хорооны дарга уулзалт амжилттай болсонд талархал илэрхийлээд хатагтай Тина Мэффорд-д хандан Монгол оронд тавтай зочлохыг ерөөлөө.
Уулзалтад АНУ-ын Бүгд найрамдахчуудын Олон улсын хүрээлэнгийн Монгол дахь хөтөлбөрийн менежер Жон Миллер, Монгол дахь хөтөлбөрийн захирал Х.Өрнөх, Монгол дахь хөтөлбөрийн ажилтнууд, УИХ-ын Тамгын газрын холбогдох албаны хүмүүс оролцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.