БОХХААБХ-ны дарга С.Батболд төв аймгийн ургац хураалтын байдалтай танилцлаа
Төв аймгийн Эрдэнэсант, Угтаалцайдам, Цээл, Жаргалант, Борнуур болон Баянчандмань сумдад ажиллалаа
2015.10.01

БОХХААБХ-ны дарга С.Батболд төв аймгийн ургац хураалтын байдалтай танилцлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга С.Батболд энэ оны 09 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд Төв аймгийн Эрдэнэсант, Угтаалцайдам, Цээл, Жаргалант, Борнуур болон Баянчандмань сумдад ажиллаж, намрын ургац хураалт болон цаг үеийн бусад ажлын явц, зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцлаа.  

Төв аймгийн Эрдэнэсант сумд ажиллах үеэр УИХ-ын гишүүн С.Батболд шинээр ашиглалтад орсон сурагчдын дотуур байрны нээлтэд оролцож, сургуулийн захиргаа болон нийт сурагчдад ажил хөдөлмөрийн болоод сурлагын өндөр амжилт хүсэв. Мөн тэрээр бусад бүтээн байгуулалттай танилцахын зэрэгцээ тус сумын засаг захиргаа, газар тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай уулзаж тус сумын ургац хураалтын өнөөгийн байдал, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонссон.

УИХ-ын БОХХААБХ-ны дарга С.Батболдоор ахлуулсан Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Угтаалцайдам сумд ажилласны дараа Цээл сумын хадлан, үр тарианы хураалтын явцтай танилцах үеэр УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Цээл сумын Засаг дарга М.Ганбат болон албаны бусад хүмүүстэй уулзав. Энэ жил гантай байсан төдийгүй төвийн бүсийн буудайн болон хүнсний ногооны ургац хураалт төлөвлөлт хэмжээнээс доогуур байгаа тул цаашид авах арга хэмжээний талаар санал солилцлоо.

Байнгын хорооны дарга С.Батболд Төв аймгийн Борнуур сумд ажиллах үеэр ургац хураалтын явц, цаг үеийн байдлын талаар мэдээлэл хийв. Тэрээр, энэ жилийн ургац хураалтын байдал цаг агаарын тааламжгүй нөхцөлөөс хамааран аймаг, сумдад харилцан адилгүй байгаа тухай мэдээлэл гарч буй тул БОХХААБХ, Хүнс, хөдөө аж ахуйн яамтай хамтран Төв аймгийн зарим сумдад ургац хураалтын байдалтай танилцаж байгаа юм.

Энэ жилийн үр тарианы болц, гарцын байдал харилцан адилгүй байгаа тул үтрэмийн ажил удаашрах хандлагатай байгаа хэдий ч орон нутгийн тариаланчид 50 хувиас доошгүй ургац авахаар ажиллаж байна гэв. Үүнд цаг агаарын тааламжгүй байдал нөлөөлсөн тул төр, засгийн зүгээс ямар арга хэмжээ авах талаар үзэх шаардлагатай тул газар дээр нь ажиллаж байна. Харин төмс, хүнсний ногооны ургацын хувьд Төв аймгийн хэмжээгээр сайн байгаа төдийгүй дунджаар га тутмаас 200 орчим цт авч байна гэлээ.

БОХХАА-н байнгын хорооны дарга С.Батболдыг орон нутагт ажиллах үеэр Хүнс, хөдөө аж ахуйн яамны мэргэжилтнүүд болон албаны бусад хүмүүс дагалдан явлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.