НҮБ-ын суурин зохицуулагчийг хүлээн авч уулзлаа
2015.09.26

НҮБ-ын суурин зохицуулагчийг хүлээн авч уулзлаа

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал НҮБ-ын суурин зохицуулагч шинээр томилогдсонтой холбогдуулан хатагтай Биати Транкмэнийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал НҮБ, тэр дундаа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр –тэй Онцгой байдлын ерөнхий газраас гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр нягт хамтран ажилласаар ирсэн, цаашдаа ч харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн ажиллахаа илэрхийллээ.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Люксембургийн Засгийн газраас 2002 оноос хойш хэрэгжүүлсээр ирсэн гамшгийн эрсдлийг бууруулах  4 дэх шатны төсөл амжилттай хэрэгжиж байгаа.

Эхний 3 шатны төслийн хувьд гамшгийн менежмэнтийн чадавхийг сайжруулах чиглэлээр ажиллаж байсан бол 4 дэх шатны төсөл нь орон нутгийн чадавхийг бэхжүүлэх, ард иргэдийн гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Мөн сүүлийн жилүүдэд онцгой байдлын салбарт хийгдэж буй хууль эрх зүйн шинэчлэлүүдийг хэрэгжүүлэхэд НҮБХХ-өөс бүх талын техникийн туслалцааг үзүүлж байгаад НҮБ-ын суурин зохицуулагч хатагтай Биати Транкмэнд талархлаа илэрхийллээ.