“БАЙР ЗҮЙН ЗУРГИЙН АШИГЛАЛТ” сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулагдаж байна
2015.09.17

“БАЙР ЗҮЙН ЗУРГИЙН АШИГЛАЛТ” сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулагдаж байна

ОБЕГ-ын даргын 2015 оны 09 дүгээр сарын А/232 дугаар тушаалаар “Байр зүйн зургийн ашиглалт” сэдэвт сургалтыг 09 дүгээр сарын 17,18-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний жанжин штаб, Зэвсэгт хүчний Байр зүй, геодезийн 284 дүгээр ангитай хамтран зохион байгуулж байна.

Сургалтад ОБЕГ-ын мэргэжилтнүүд, төв орон нутгийн Онцгой байдлын газар, анги, байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөлтийн ахлах мэргэжилтнүүд, Хууль сахиулахын удирдлагын академийн 821 дүгээр дамжааны багш, сонсогч зэрэг нийт 50 албан хаагч оролцож байна.

 

Тус сургалтын зорилго нь ОБЕГ-ын албан хаагчдад байр зүйн зургийн тухай болон зургаар газар орон дээр баримжаалах, газар зүйн мэдээллийн систем, байршил тодорхойлогчийн талаар мэдлэг олгох, даргын ажлын зураг дээр ажиллах дадлага, чадвар олгоход оршиж байгаа аж.

 

Зэвсэгт хүчин, хилийн цэрэг, эрчим хүч, автозам, холбоо, уул уурхай, хот төлөвлөлт гэх мэт  салбарууд байр зүйн зургийг өөр өөрийн онцлогт тохируулан ашигладаг билээ. Онцгой байдлын албаны хувьд ч мөн гамшгаас хамгаалах, аврах үйл ажиллагааг нарийвчилсан зураг дээр тооцоолж, түүнийг ашиглаж сурах хэрэгцээ, шаардлага гардаг тул энэ удаагийн сургалтыг  зохион байгуулаад байгаа юм.

Сургалтаар зураг дээр солбилцол тодорхойлох, зай, өнцөг хэмжих, талбай тодорхойлох, томъёолсон тэмдэглэгээг унших, ашиглах, солбилцол хоорондын хамаарал, газар зүйн мэдээллийн систем, байршил тодорхойлогчийг ашиглах, зураггүйгээр  баримжаалах,  азимутаар хөдөлгөөн үйлдэх зэрэг багц хичээлүүдийг судалж, даргын ажлын зураг дээр ажиллах дадлагыг албан хаагч тус бүр хийж байгаа нь сургалтыг илүү бодит, үр дүнтэй болгож байна.

Цаашид  энэхүү сургалтыг үе шаттайгаар зохион байгуулахаар болжээ.