Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
Улаанбаатар-Сөүл хотууд ах дүүгийн найрамдалт харилцаатай болсны 20 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын урилгаар БНСУ-ын Сөүл хотын удирдлагууд манай хотод албан ёсны айлчлал хийсэн.
Айлчлалын бүрэлдэхүүнд ирсэн Сөүл хотын Онцгой байдлын газрын дарга ноён Квон Сун Кионг төлөөлөгчдийн хамт Нийслэлийн Онцгой байдлын газарт зочиллоо. Энэ үеэр Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Н.Уламбаяр болон ноён Квон Сун Кионг нар хамтын ажиллагааг эрчимжүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм.
Санамж бичигт :
1.Тус хоёр байгууллага нь харилцан хүндэтгэх зарчим дээр тулгуурласан найрамдалт харилцааг бий болгохыг хичээнэ.
2. Тус хоёр байгууллага нь галын аюулаас урьдчилан сэргийлэх, галын шалтгааныг тогтоох, сургалт дадлага явуулах, гамшигтай тэмцэх, авран хамгаалах үйл ажиллагаа явуулах зэрэг талуудьн нийтлэг ашиг сонирхлын үндсэн дээр мэдлэг мэдээллээ харилцан солилцоно.
3. Тус хоёр байгууллага нь албан хаагчдын гамшигтай тэмцэх ур чадварыг дээшлүүлэх болон гамшигтай тэмцэх системтэй холбоотой мэдлэг мэдээллээр хангах тал дээр хамтран ажиллана.
4. Тус хоёр байгууллага нь гамшгийн голомтод ажиллаж бодит туршлага солилцон, албан хаагчдыг чадавхжуулах, хамтын ажиллагааг хөгжүүлэх үүднээс харилцан зочлох, дадлага сургалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг идэвхжүүлэх гэжээ.
Сүүлийн гурван жилийн хугацаанд хоёр талын найрсаг хамтын ажиллагааны хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газраас БНСУ-д гамшгийн аюулаас авран хамгаалах, гал түймэр унтраах чиглэлээр туршлага солилцох сургалт дадлагад 200 гаруй аврагч, гал сөнөөгч хамрагдсан байна.
Сөүл хотын Онцгой байдлын газрын дарга Квон Сун Кионг БНСУ-ын Галын холбооноос Нийслэлийн Онцгой байдлын газарт аврах ажиллагаанд ашиглах түргэн тусламжийн дөрвөн автомашин олгосныг гардуулан өглөө.
Уулзалтын үеэр манай улсын хувьд БНСУ-ын Онцгой байдлын байгууллагатай 2006 оноос үр бүтээлтэй хамтран ажиллаж, туршлага солилцох, албан хаагчдыг мэргэшүүлэх, сургаж дадлагажуулахад тусалж дэмжиж ирсэнд талархал илэрхийлээд энэ удаагийн айлчлал, харилцан ойлголцлын санамж бичгийг баталгаажуулсан явдал нь харилцааг шинэ шатанд хүргэх болсныг онцолж байлаа.
Улаанбаатар-Сөүл хотууд ах дүүгийн найрамдалт харилцаатай болсны 20 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын урилгаар БНСУ-ын Сөүл хотын удирдлагууд манай хотод албан ёсны айлчлал хийсэн.