БХБ-ын сайд тэргүүтэй МАХН-ын гишүүд хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө
МАХН-ын удирдлага, гишүүд дэмжигчдийн хамтаар Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, тэдний дурсгалыг хүндэтгэлээ.
Тус арга хэмжээнд МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, УИХ-ын гишүүн Ч.Улаан, БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ, БСШУ-ы Дэд сайд Б.Тулга тус намын Нарийн бичгийн дарга оролцсон байна.
Энэ үеэр МАХН-ын Нарийн бичгийн дарга О.Лхагвацэдэн, “МАХН нь хүний эрхийг дээдэлсэн, шударга ёсны төлөө үзэл баримтлалтай нам. МАХН дарга Н.Энхбаяр МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа 1997 онд анх удаа албан ёсоор хэлмэгдсэн иргэд, тэдний ар гэрийнхнээс тухайн үеийн МАХН-ын нэрийн өмнөөс уучлал гуйж байсан түүх үүнийг гэрчилнэ.
Бид цаашид улс төрийн хэлмэгдүүлэлтийг дахин гаргахгүйн төлөө тэмцэж энэ талаар санаа санаачилга гарган, хэлмэгдүүлэлтийн хохирлыг арилгах хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгохын төлөө ажиллаж байгаа” гэдгийг хэлмэгдэгсдийн ар гэр, үр хүүхдүүдэд дуулгалаа.
Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга, МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, УИХ-ын гишүүн Л.Цог улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн нөхөн олговор болгон тэдний ар гэр, үр хүүхдэд нэг сая төгрөг өгөх хуулийн төсөл батлуулсан.
Тэгвэл энэ ажлын үргэлжлэл болгож тус намын зүгээс дахин улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн хүний хүүхэд гэгдсэн ч тухайн үеийнхний жишгээр овгоо солилгүй нийгмийн бүхий л харилцаанд адлагдаж “Эсэргүүний хүүхэд” гэгдэж явсан өдгөө 78-92 насны 400 орчим ахмадад мөнгө олгох хуулийн төсөл санаачилаад байгаа аж. Эсэргүү хүний хүүхэд хэмээн адлуулж, хамгийн муу ажлыг нугалж ирсэн эдгээр ахмадуудын тэтгэвэр өнөөдрийн байдаар 207 мянган төгрөг байгаа юм. Тиймээс хуулийн төслийн хүрээнд тэдний тэтгэвэр тус бүрд 100 мянган төгрөгийг нэмж олгохоор тусгасан. Ингэснээр улсын төсөвт 400-500 сая төгрөг нэмэгдэх тооцоо гарчээ.
Эл хуулийн төслийг УИХ-ын дарга дэмжиж, нааштай хүлээж авахаа илэрхийлсэн талаар хуулийг төслийг санаачилагч УИХ-ын гишүүн О.Баасанхүү онцолж байв.