Цэц УИХ-ын эрхэд халдлаа гэв
УИХ-ын гишүүн, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү
2015.09.10

Цэц УИХ-ын эрхэд халдлаа гэв

УИХ-ын гишүүн, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү өнөөдөр Үндсэн хуулийн Цэц/ҮХЦ/-ийн дунд суудлын хуралдаанаас гаргасан шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа сэтгүүлчдэд мэдээллээ.

ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаанаар өчигдөр “УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг УИХ-д тавьж, хэлэлцүүлж байгаа нь Засгийн газрын танхимын зарчмаар ажиллах, Үндсэн хуулийн үзэл баримтлалыг алдагдуулж байна” гэсэн дүгнэлтийг гаргасан юм.

Харин О.Баасанхүү гишүүн өнгөрсөн даваа гаригт буюу есдүгээр сарын 7-нд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд С.Баярцогтыг огцруулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн юм.

Тэрээр “ҮХЦ маш хариуцлагагүй шийдвэр гаргалаа. Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйл, 42 дугаар зүйлийн 7, 6-г зөрчсөн бол томилсон байгууллага нь шууд огцруулах үндэслэл болно гэж заасан байгаа. Тэрийг юу гэж ойлгох вэ гэхээр 42.7 нь төсөвт зохицуулалт хийхдээ хөрөнгийн болон урсгал зардлыг хооронд нь шилжүүлэх, төсөвт тусгагдаагүй шинэ хөтөлбөр арга хэмжээг санхүүжүүлэхийг хориглоно гэсэн заалт. Нэг үгээр хэлбэл, УИХ нь УИХ-ын гишүүний санаачлагаар Засгийн газрын гишүүнийг огцруулах үндэслэлийг Төсвийн тухай хуулиар тодорхой заагаад өгсөн. Зөвхөн УИХ-ын 7.1.12-оор шийдэж өгсөн юм биш. Хэрвээ УИХ ҮХЦ-ийн энэ дүгнэлтийг хүлээн авах юм бол Төсвийн тухай хууль хэрэгжихгүй. Төсвийн ерөнхийлөн захирагчид УИХ хяналт тавих боломжгүй болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, сайд нь дураараа авирлахад Ерөнхий сайд нь тухайн сайдыг өргөн барих асуудлыг ярина.

Төсвийн ерөнхийлөн захирагч гэдэгт зөвхөн Ерөнхий сайд биш сайдууд, агентлагын удирдлагууд, нарийн яривал газар хэлтсийн даргууд ч багтдаг. Засгийн газрын бүтэцдээ ордог гэсэн үг.

ҮХЦ-ийн гишүүд ийм ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргахдаа УИХ-ын бүрэн эрхэд халдаад зогссонгүй, Төсвийн тухай хууль, төсөвт хяналт тавих УИХ-ын бүрэн эрхэд халдсан шийдвэр гаргасанд харамсч байна. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд УИХ-ын гишүүн сайдыг огцруулах асуудал гаргуулаад явж ирсэн. Тэр хугацаанд ҮХЦ нэг ч удаа дүгнэлт гаргаагүй. Энэ удаа маш хурдан гаргалаа. Хэзээ ч цэцийнх нь хурал нь болсон юм, хэзээ ч өргөдөл нь ирсэн юм, хэзээ ч УИХ-аас тайлбар нь очсон юм, мэдэхгүй.

УИХ ҮХЦ-ийн энэ шийдвэрийг хүлээж авах юм бол УИХ-ын эрх, УИХ-ын гишүүний эрхэд халдаад зогсохгүй, Төсвийн тухай хуульд хяналт тавих эрхийг зөрчих учраас яаран хэлэлцэхгүй болов уу, бас хүлээж авахгүй болов уу гэж найдаж байна.

Мөн хуулиараа ирэх долоо хоногт УИХ сайд С.Баярцогтыг огцруулах эсэх тухай асуудлыг хэлэлцэх ёстой. Эхлээд бүлгүүд хуралдаж, асуудлыг хэлэлцэнэ гэж хүлээж байна. Дараа нь Төрийн байгуулалтын байнгын хороо, чуулганаар хэлэлцэнэ. Хуулиараа огцруулах асуудлыг 14 хоногийн дотор шийдэх ёстой.

ҮХЦ-ээс гаргасан шийдвэр нь миний тавьсан огцруулах үндэслэл зөв юм байна гэдгийг улам баталлаа.

Нөгөө талдаа ҮХЦ  улс төржиж энэ асуудал руу давхиж орж ирж байгаа нь орд газрыг олигархууд авахын тул Цэц нь хүртэл оролцлоо гэдэг хардлагыг ч төрүүлж байна” гэсэн юм.