Төсөв тодотговол "хэмнэ, хас, тана, тайр" гэсэн зарчмыг баримтална
Төсөвт зайлшгүй тодотгол хийх шаардлагатай болсныг шийдвэр гаргах түвшний хүмүүс хэлж байгаа. Энэ талаар Эдийн засгийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Батсууриас тодрууллаа.
-Манай улсын төсвийн орлогын дийлэнх хувийг бүрдүүлдэг түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр уначихлаа. Эдийн засгийн нөхцөл байдал улам хүндэрч, төсвийн орлого их хэмжээгээр тасарсан гэх мэдээллийг Сангийн яамнаас өгч байна. Төсөвт зайлшгүй тодотгол хийх шаардлагатай юу?
-Төсвийн орлого ямар хэмжээгээр тасарсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл алга байна. Хамгийн сүүлчийн мэдээллээр төсвийн орлогын биелэлт эхний долоон сарын байдлаар 580 орчим тэрбум төгрөгөөр тасарсан байна. Мөн нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл эхний хагас жилийн байдлаар 534.9 тэрбум төгрөгийн алдагдалтай байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт хэвлэлд өгсөн ярилцлагадаа төсөвт зайлшгүй тодотгол хийх шаардлагатай хэмээн дурдсан байсан. Гэхдээ төсвийг тодотгосноор орлого нэмэгдэнэ гэж ойлгож байгаа бол том эндүүрэл. Зарим хүн төсөвт тодотгол хийснээр амьдрал сайжирна хэмээн ойлгодог. Хэрэв Засгийн газраас төсөвт зайлшгүй тодотгол хийх шаардлагатай хэмээн өргөн мэдүүлбэл хэлэлцэнэ. Төсвийг тодотговол “хэмнэ, хас, тана, тайр” гэсэн зарчмыг баримтална.
2015 оны төсөвт анх тодотгол хийсний дараа УИХ-аас эдийн засгийнхүндрэлийн даван туулах арга хэмжээний хөтөлбөрийг баталсан. Хэрэгжилтийн явц хэдэн хувьтай байгаа бол?
-Өнгөрсөн хоёрдугаар сарын 18-нд УИХ-аас Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний хөтөлбөр батлах тухай 41 дүгээр тогтоолыг баталсан. Засгийн газраас тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотой төлөвлөгөө гаргасан. Гэвч үүний хэрэгжилт хангалтгүй байна. Гол шалтгаан нь улстөржилт. Өөрөөр хэлбэл, улс төрийн тогтолцоо улс орны эрх ашигт томоохон хохирол учруулж байна. Нөгөөтэйгүүр, УИХ болон Засгийн газар хоорондын хамтын ажиллагаа, ажлын уялдаа байхгүй байгаа нь хэрэгжилт хангалтгүй байхад нөлөөлж байна. Засгийн газраас хөтөлбөрийн дагуу арга хэмжээ авахаар санал оруулахад УИХ дээр гацах тохиолдол олон байсан.
-Уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр унасан нь эдийн засагт сөргөөр нөлөөлөх болсон. Та “Оюутолгой”, “Тавантолгой” компанийн үйл ажиллагаатай танилцсан гэсэн. Бодит байдал дээрямар байна вэ?
-“Оюутолгой”, “Тавантолгой”-н ажил байдалтай газар дээр нь очиж танилцлаа. “Энержи ресурс” компанийн “Ухаахудаг” орд нүүрсээ огт гаргаж чадахгүй байна. Уг нь нүүрсээ угааж, баяжуулаад гадагшаа худалддаг том уурхайн тоонд ордог ч одоогоор зогсонги байдалтай байна. Гол шалтгаан нь угаасан нүүрсний үнэ зах зээл дээр бага байгаатай холбоотой. Мөн нүүрс олборлох зардал өндөртэй зэрэг хүчин зүйл нөлөөлж байна гэсэн. Үүний зэрэгцээ орон нутгийн “Тавантолгой” буюу жижиг “Тавантолгой” төлөвлөгөөгөө биелүүлж чадахгүй хэмжээнд ажиллаж байна. Төсөв нь алдагдалтай, төсвийнхөө орлогыг биелүүлж чадахгүй байгаа. Энэ оны сүүлч гэхэд байдал бүр хүндрэхийг орон нутгийн удирдлагууд нь хэлж байсан.