1.5 тэрбум ам.долларын бондоос идсэн хулгайгаа дарах гэж АН-ынхан улайрч байна
Улсын их хурлын ээлжит бус чуулган өнөөдөр эхэлсэн. Ээлжит бус чуулганаар Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ.
МАН болон АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг дэмжинэ гэдгээ өнөөдөр мэдээлсэн. Тэгвэл бие даагч гишүүд ч мөн ижил байр суурьтай байгаа бөгөөд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд мөн хориг тавих ёстой гэж үзэж байгаа юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар хэлэхдээ,
-Ардчилсан нам, Ардын нам, улс төрчид өөрсдийгөө өршөөхөөс үнэхээр ичихгүй байна. Бид анхнаасаа байр сууриа илэрхийлж байсан. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авна гэхээсээ илүү бидний байр суурийг дэмжиж Ерөнхийлөгч хориг тавилаа гэж бид ойлгож байна.
1.5 тэрбум ам.долларын бондоос идсэн хулгайгаа дарах гэж Ардчилсан намынхан улайрч байна. Оюутолгойн луйвраас хожсон, хулгай байж болох зүйлүүдээ дарах гэж эд нар улайрч байна. Хамгийн гол нь авлига авсан, албан тушаалын гэмт хэрэгтнүүдээ л зогсоочих. Анх удаа, санамсар болгоомжгүй гэмт хэрэг бол хуулийнхны шийдвэрлэх асуудал. Энэ дээр бид хуульчдын мэргэжлийн байр суурийг хүндэтгэнэ гэсэн юм.