Ээлжит бус Үндсэн хууль зөрчсөн байж магадгүй
МАН-ын бүлэг
2015.09.07

Ээлжит бус Үндсэн хууль зөрчсөн байж магадгүй

УИХ дахь МАН-ын бүлэг Өршөөл үзүүлэх тухай хуульд Ерөнхийлөгчийн хэсэгчилэн тавьсан хоригийг хүлээж авах болсон талаар тус бүлгийн дарга С.Бямбацогт мэдээллээ.

Тэрээр "Өршөөлийн хуульд тавьсан Монгол улсын ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй хэмээн бүлгийн хуралд оролцсон гишүүд 100 хувь санал нэгтэйгээр дэмжсэн.

Анхнаасаа МАН авлигал, албан тушаалтны хэргийг өршөөж байгаа цагаан захтнууд ад зориулсан хуулийг  буруу гэдгийг удаа дараа мэдэгдэж байсан. Үүнтэй холбогдож МАН-ын удирдах зөвлөлөөс хуралдаж шийдвэр гаргасан байгаа. Өршөөлийн хуулийг хоригийг хүлээж авсантай холбогдуулж УИХ-аар нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал яригдана.

Энэ үед нь авлигал, албан тушаалтны хэрэгийг өршөөлд хамруулахгүй байх талд нь МАН-ыхан нэгдсэн байр суурьтай оролцохоор болсон. Түүнчлэн уг асуудлыг  Намрын чуулган гэж хойш тавилгүй, ээлжит бус чуулганаар хэлэлцэх нь хэрэгтэй гэж үзэж байгаа. Учир нь энэ хуулийг хүлээж байгаа хүмүүстэй монголын төр хүнлэг энэрэнгүй хандаж өршөөл үзүүлэх хэрэгтэй” гэлээ. Харин тэрээр үргэлжлүүлэн засгийн газрын гишүүдийг томилох тухай асуудлаар “МАН-ын бүлэг “давхар дээлтэй” буюу УИХ-ын гишүүн сайдын ажлыг давхар хийх нь буруу гэсэн байр суурьтай байгаа.

МАН Шийдлийн Засгийн газарт хамтран ажиллаж байх үедээ ч бас энэ байр сууриа хадгалж байсан. Өөрөөр хэлбэл, үндсэн чиг үүргийн буюу Сангийн болон БОНХАЖ-ын сайд “давхар дээлтэй” байсан. Бусад сайд УИХ-ын гишүүн байгаагүй. Ерөнхийлөгч “Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай тогтоолын төсөл”-ийн зөвшилцлийн хариуг өгөхдөө давхар дээлийг эсэргүүцссэн байсан. Бид Ерөнхийлөгчтэй ижил байр суурьтай байгаа” гэлээ.

Энэ үеэр УИХ-ын ээлжит бус чуулган зарласан нь Үндсэн хууль зөрчсөн байх магадлалтай талаар С.Бямбацогт дарга хэллээ. Үндсэн хуулийн 27 дугаар зүйл “УИХ-ын гишүүдийн 33 хувиас дээших нь шаардсанаар эсхүл Ерөнхийлөгч, УИХ-ын даргын санаачилгаар ээлжит бус чуулган чуулж болно” гэж заасан.

Гэтэл УИХ-ын дэд дарга энэхүү ээлжит бус чуулганыг зарлах захирамж гаргасан. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн байх магадлалтай тул УИХ-ын дарга болон холбогдох албаны хүмүүс нь нарийн судлах хэрэгтэй” гэв.