Ерөнхий сайд Орхон аймагт ажиллалаа
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ХХАА-н сайд Р.Бурмаа
2015.09.07

Ерөнхий сайд Орхон аймагт ажиллалаа

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ХХАА-н сайд Р.Бурмаа нар Орхон аймгийн Эрдэнэт гурил компанийн гурилын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. 

Үйлдвэр  Турк улсын Алапала фирмийн босоо технологи бүхий тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд энэхүү технологи нь усыг 12 дахин бага, эрчим хүчийг 25 хувь бага зарцуулдаг байгаль орчинд ээлтэй, шинэ үеийн бүрэн автоматжсан, компьютер удирдлагын системтэй гэж үйлдвэрийн удирдлагууд танилцууллаа. Тус үйлдвэр улаан буудайн гурил, хөх тарианы гурил, хорголжин болон нунтаг тэжээл гэсэн үндсэн гурван төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Хоногт 150 тонн улаан буудай боловсруулж, 117 тонн гурил, 33 тонн холимог тэжээл бэлтгэх хүчин чадалтай юм.

Ерөнхий сайд  1981 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа үйлдвэрлэл худалдааны “Эрдэнэт хивс” ХХК-ийн үйл ажиллагаа, техник, технологийн шинэчлэлтэй танилцлаа. “Эрдэнэт Хивс” ХХК нь  машинт аргаар ноосон хивс, хивсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Монгол Улсын тэргүүлэгч компани юм.  Жилдээ 8000,0 тн бохир ноос ангилан, ялгалт хийж, угаах, 2000.0 тн дан, давхар ээрмэл үйлдвэрлэх, 1200 – 1500 мян.м2 хивс нэхэх хүчин чадал бүхий үндсэн 3 үйлдвэртэй. Мөн гэрийн эсгий, эсгий гутал, эсгий шаахай, эсгий гудас , өргөн хэрэглээний хивсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Угалз үйлдвэр, ямааны ноолуур болон тэмээний ноосон нэхмэл хөнжил, ороолт,  нөмрөг, тэмээний болон хонины ноосон дүүргэгчтэй оёмол хөнжил, дэвсгэрийн иж бүрдэл үйлдвэрлэдэг нэхмэлийн үйлдвэртэй гэж үйлдвэрийн захирал Н.Ариунаа Ерөнхий сайдад танилцууллаа.

Тус үйлдвэр Чингис бондын хөрөнгөөс 22,4 тэрбум төгрөгийн санхүүжилт авч, техник, технологио шинэчилжээ. Монголын хивсний үйлдвэрлэлийн дийлэнх хувийг эзэлдэг Эрдэнэт хивс үйлдвэр бондын хөрөнгийг үр ашигтай зарцуулж, тухайн салбартаа дэлхийн шилдэг үйлдвэрүүдийн техник, технологийг нэвтрүүлж, хэрэглэгчдэд сүүлийн үеийн хэв загварын чанартай бүтээгдэхүүн нийлүүлж байгаад талархаж байна гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.