Орхон аймгийг эрх зүйн байдлын хуультай болгоё
Зууны манлай бүтээн байгуулалтын эзэн Эрдэнэт хотод ажиллаад ирэв. Аяны замд УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүгийн ахалсан багийнхантай дөрөө хашуулсан нь учиртай.
Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү иргэдийн өргөдөл, гомдлын дагуу Орхон аймгийг зорихын тулд багагүй саад бэрхшээлтэй учирсан талаарх яриа чих дэлслээ. Тодруулбал, түүнийг зарим хүмүүс “Хэтэрхий их ажил хийгээд байна” хэмээн шүүмжилсэн гэнэ.
Уг нь, “ард иргэдэд тулгарсан асуудлыг шийдэж, ажил хэрэг өрнүүлэхийн тулд” хэн нэгнийг төрийн албан тушаалд томилдог гэж сэтгэнэм. Гэтэл ажил хийлээ гэж зэмлүүлнэ гэдэг үнэндээ санал нийлэмгүй хачирхалтай зүйл байсныг нуух юун. Магадгүй, ажил хийж байгаа хүн л шүүмжлэлд өртдөгийн жишээ юм болов уу даа. Ийнхүү санал, шүүмжлэлээр дүүрэн байсан ч О.Баасанхүү дарга иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын дагуу Орхон аймгийнхантай уулзахаар замд гарч, бид дөрөө харшуулсан нь энэ.
Түүний хувьд иргэдийн өргөдөл гомдлын дагуу газар дээр нь бодит байдалтай танилцахаас гадна тодорхой зорилтот гурван ажлыг тус аймагт өрнүүлэхээр төлөвлөжээ. Нэгдүгээрт, иргэдийн өргөдлийг бодит байдал дээр нь судалж, тэдний үгийг сонсон, тэтгэвэр тэтгэмж, нийгмийн халамжийн асуудлыг шийдвэрлэх арга замыг хамтдаа хайхыг хүсчээ. Хоёрдугаарт, гадаадын компанийн хөрөнгө оруулалтаа хэрэгжүүлэх гэж буй “Цахим засаглал” төслөө товч танилцуулсан юм.
Монголчуудын хувьд цахим засаглал, цахим монгол гэх мэт үгсийг сүүлийн жилүүдэд уриа лоозон мэт л ярих болсон. Тэдгээрээс хэрэгжиж байгаа нь ч бий, ажил хэрэг бололгүй, мартагдаж байгаа нь ч бий. Тэгвэл УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүгийн санаачилсан энэхүү төслийн хүрээнд ухаалаг гар утастай хүн бүр шинээр өргөн барих гэж буй болоод батлагдах гэж байгаа хуулийн төслүүдэд өөрийн санаа оноогоо нэмэрлэх боломжтой болох аж. Хэдийгээр энэхүү ажлыг их хөрөнгө мөнгө зарцуулна гэж зарим хүн шүүмжилж байгаа ч О.Баасанхүү гишүүн төрөөс ганц ч төгрөг авахгүй, хөрөнгө оруулагчаа олчихсон учир заавал ажил хэрэг болгоно гэдгээ тодотгоно лээ.
Гуравдугаарт Өргөдлийн байнгын хорооноос Орхон аймагт Аймаг, сумын эрх зүйн байдлын тухай хуультай болох уриалга хүргүүлсэн юм. Ингэснээр зарим нэг асуудлыг аймаг, сумынхаа хүрээнд шийдэх боломжтой болно гэдгийг ч онцолсон. Ийнхүү санал, санаачлагаа хэлсэний дараа сургуулиудын газар өмчлөлийн гэрчилгээ, томоохон худалдааны төвийн камержуулалт, төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас халсан зэрэг асуудлыг аймгийн холбогдох албан тушаалтнуудаас асууж лавлан, ажил хэрэгч яриа өрнүүллээ. Орон нутгийн иргэдээс ирдэг өргөдөл гомдлын гол сэдэв болох дээрх асуудлууд Орхон аймагт харин төдийлөн том асуудал биш бололтой. Учир нь, Эрдэнэт хот Ерөнхий боловсролын 19 сургуультай бөгөөд тэдгээр нь бүгд сургуулийн газраа эзэмших гэрчилгээгээ авсан, худалдааны төвүүдийг бүрэн камержуулсан гэдгийг нутгийн удирдлагууд онцлов.
Гэвч Эрдэнэт цогцолборын нэгдүгээр сургууль Орхон аймгийн хамгийн ачаалалтай сургуульд тооцогддог аж. Тус сургуульд 2300 хүүхэд сурдаг учир гурван ээлжээр хичээллэдэг юм байна. Харин 960 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилгын ажил эхэлснээр ирэх намар тэдний хувьд гурван ээлжээр хичээллэхгүй байх найдвар төрүүлж байгаа аж.
Түүнчлэн мэдээлэл зүйн кабинетын техник хэрэгсэл дутмаг байдаг нь орон нутгийн сургуулиудын хувьд хамгийн хүндрэлтэй асуудлуудын нэг гэдгийг нэгдүгээр сургуулиар зочлох үеэр захирал Д.Энхтуяа онцолсон. Тус сургуулийн хувьд 2010 ондонд цахим сургуулиар батламжлагдаж, мэдээлэл зүйн хоёр кабинет тохижуулснаас хойш техник төхөөрөмжөө ганц ч удаа шинэчлээгүй гэнэ. Тиймээс ч кабинетад нь ашиглагдаж буй компьютерүүдийн 50-аас дээш хувь нь ажиллагаагүй болоод буй аж. Дэлхийн жишгээр бол нэг компьютерийг дээд тал нь дөрвөн жил л ашигладаг. Хэрэв дөрвөөс дээш жил ашиглавал хор ялгаруулах нь ихэсч, хүүхдийн биед сөргөөр нөлөөлдөг гэдгийг Өргөдлийн байнгын хорооны дарга ч сануулсан.
Түүнчлэн өнгөрсөн онд иргэдээс нийт 4185 өргөдөл гомдол ирсний 94.4 хувийг нь хуульд заасан хугацаанд нь шийдвэрлэж өгсөн гэх таатай мэдээ дуулгалаа. Энэ нь өргөдөл гомдлыг хүлээн авдаг, цахим программтай болсны ашиг тус гэдгийг онцлохоо ч тэд мартсангүй.
Харин иргэдтэй уулзах үеэр тэдний дийлэнх нь тэтгэвэр тэтгэмж, нийгмийн халамж болон газар өмчлөлийн талаарх асуудлаар Өргөдлийн байнгын хорооныхонд санал, гомдлоо илэрхийлж байлаа. О.Баасанхүү дарга тэдний санал хүсэлт бүрийг ажил хэрэгчээр хүлээн авч, шийдвэрлэх арга замын талаарх мэдээллийг өгч байсан нь дээрх уулзалтыг тун үр дүнтэй болгосон юм. Түүнчлэн газар олголтын талаарх тогтоолын төсөл санаачлах, Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцааг иргэд хэрхэн ашиглах, Орхон аймгийн эрх зүйн хуулийг санаачлах аян өрнүүлэхийн ач холбогдлыг нарийн тайлбарлаж өгсөн нь иргэдийн амьдралд хэрэгтэй зөвлөмжүүд болж чадсан. Орхон аймгийн МАХН-ын намын хороогоор зочлох үеэр зам тээврийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан Т.Сандагдорж, Б.Машлай, Ч.Мөнхтогоо нарыг Засгийн газрын жуух бичгээр шагнасан юм.
Үнэнийг хэлэхэд, УИХ-ын дийлэнх гишүүд намын даалгавраар ямар ч хамаагүй томилолт өвөртлөөд, орон нутгийг зорьдог. Тиймээс ч тодорхой зорилгогүй, шийдвэрлэх асуудалгүйн улмаас иргэдийн санал бодлыг сонсож, Засгийн газар, намын ажлаа танилцуулснаар л уулзалт өндөрлөдөг. Тэгвэл Өргөдлийн байнгын хорооны энэхүү томилолт шийдвэрлэх асуудал, дэвшүүлэх санаа, хэрэгжүүлэх ажил, хүрэх зорилт нь тодорхой байснаараа бусад уулзалтуудаас онцлог болсон юм.