МАН-ын гишүүд Уул уурхайн сайдад асуулга хүргүүлэв
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нар шатахууны үнийн талаар Уул уурхайн сайд Р.Жигжидэд асуулга тавьж, үнийг бууруулах талаар тодорхой арга хэмжээ авахыг шаардсан байна.
Өнгөрсөн жил дэлхийн зах зээл дээр нэг баррель нь 112 ам.долларт хүрсэн газрын тосны үнэ тогтмол буурсаар өнгөрсөн нэгдүгээр сард 63 ам.доллар, өнөөдөр 42 ам.доллар болоод байгаа. Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээл дээр үнэ нь гурав дахин буурсан нефть бүтээгдэхүүнтэй холбогдуулан манай дотоодын зах зээлийн үнийг ганц ч төгрөгөөр буулгах зохицуулалт хийгдэхгүй байгаагийн үндэслэл шалтгааныг тайлбарлаж, УИХ, олон нийтэд мэдээлэхийг Уул уурхайн сайдаас хүсчээ.
УИХ Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, нефть , бүтээгдэхүүний онцгой албан татварыг төгрөгөөр тооцохоор шийдвэрлэсэн. Энэ нь импортлогчдод томоохон хөнгөлөлт болж байгаа юм. Мөн шинэчлэлийн Засгийн газар 3.5 их наяд төгрөгөөр “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжүүлж, үүнээс “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд нефть импортолдог 12 компанид 190 тэрбум төгрөгийн зээлийг маш бага хүүтэй өгсөн. Мөн Монголбанк нефть импортлогчдод ам.долларыг зах зээлийн ханшаас хямд үнээр олгож ирсэн. Тиймээс дэлхийн зах зээлийн өнөөгийн ханштай уялдуулан дотоодын шатахууны үнийг бууруулах талаар тодорхой арга хэмжээ авах, шатахууны үнийг улсын хэмжээнд ижил байлгах боломж, тооцоо судалгааны чиглэлээр тодорхой мэдээлэл өгөхийг асуулгадаа онцолжээ.