Зургаан сайдаа оруулах нь ч Ч.Сайханбилэгийн асуудал
УИX- ы н гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.
-МАН-ын зургаан сайдыг Засгаас явуулсан ч орных нь зургаан сайдын томилгоо хүлээлттэй байсаар байна. АН-ын бүлгийн зүгээс “Шударга ёс” эвсэл тэр дундаа МАХН-ын байр суурийг хүлээж байгаа юм билээ.Танай бүлэг байр сууриа нэгтгэж чадав уу?
-МАХН-ын байр суурийг илэрхийлэх эрх бүхий субъект нь намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, намын , дэд дарга Ц.Цолмон, Д.Тэрбишдагва нар байр сууриа илэрхийлэх зөв. Миний хувьд намын жирийн гишүүн тул Засгийн газар хурдан бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхлээсэй гэсэн бодолтой яваа хүн. Би Ерөнхий сайдыг огцруулна гэж анх хэлж байсан. Гэсэн хэдий ч Г.Уянга гишүүний зүгээс Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах санал дээр гишүүдийн дэмжлэг аваад явж байхад нь би дэмжиж гарын үсэг зурсан. Нэгэнт Г.Уянга гишүүн огцруулна гээд өргөн бариад явж байхад нь давхардуулан өргөх бичиг бэлдэх нь утгагүй.
19 гишүүн дэмжиж гарын үсэг зураад явбал огцруулахыг дэмжээд явна.
Нөгөө талдаа зургаан сайдын асуудал бүрэн шийдэгдсэний дараа Засаг тогтвортой байх нь зөв гэж үзэж байгаа. Тэр ч утгаараа С.Баярцогт сайдыг өргөн барина.
-Тэр нь яаж байгаа юм?
-Энэ нь гурван үндэслэлтэй холбоотой. С.Баярцогт өөрөө УИХ-ын дэд дарга байхдаа албан тушаалаа өгсөн. Тэгэхдээ “Би УИХ -ын гишүүний хувьд намайг Сэлэнгийнхэн сонгосон. Би нутгийнхнаасаа асуулгүйгээр гишүүнээсээ болих эрх байхгүй” гэсэн. Тэгж хэлэхэд нь би хүндэтгэн үзсэн. Хоёрдугаарт нь "Нэгэнт миний нэр хүнд олон нийтэд эвгүй сэтгэгдэл төрүүлэх болсон тул ёс суртахууны хувьд ямар нэгэн албан тушаалд очихгүй” гэдгээ илэрхийлсэн. Миний хувьд аливаа албан тушаал гэдгийг нь сайд, бүлгийн дарга, дэд дарга, Байнгын хорооны даргын албан тушаалыг гэж ойлгож байгаа. Өглөө хэлснээ орой мартсан юм шиг ингэж явж болохгүй. Өргөдлийн байнгын хорооноос энэ хүнийг хэд хэдэн удаа дуудаж асуун, чиг үүрэг өгч явуулсан. Гэтэл мань хүн тэр үүргийг хугацаанд нь биелүүлэхгүй байна. Тиймээс энэ хүн хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байгаа юм. Гуравдугаарт, МАХН-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэгзурахад С.Баярцогг МАН-тай хамтран ажиллах ёстой гэж ярьж байсан хүн.
Мөн МАН-ын зургаан сайдыг огцруулахад С.Баярцогт “МАН-ын сайдууд хамгийн сайн ажилласан” гэдгийг хэлж байсан. ЗГХЭГ- ын даргынх нь зүрх сэтгэл эвслийн үйл ажиллагаанд байхгүй зөвхөн Ардын намд үйлчлэх сонирхолтой байна гэдгээс нь харахаар энэ хүн Монгол Улсад үйлчлэхгүй эдгээ баталчихлаа. Тиймээс энэ хүнийг энд байлгаад байх нь зохисгүй зүйл болчихоод байна.
-Та буруу ойлгосон юм биш үү. Чөлөөлөгдсөн зургаан сайдын хувьд сайн ажилласан гэсэн болохоор Засагт хамтарсан “Шударга ёс” эвслийн сайд нар муу ажилласан гэж ерөөсөө яриагүй шүү дээ?
-С.Баярцогтын талаар ярих юм бол зөндөө л зүйл байна. Үүгээр С.Баярцогтын яриаг өндөрлөх үү.
-“Шударга ёс” эвсэл Засгаас гурван сайд шаардаад байгаа хэдий ч АН-ын зүгээс хоёр сайдын суудал өгнө гээд асуудал яриа хэлэлцээрийн шатанд яваад байгаа юм биш үү?
-Нэг чухал зүйл хэлчихье. Би МАХН-ын гишүүн, УИХ-ын гишүүнээс гадна Өргөдлийн байнгын хорооны дарга. Манай Өргөдлийн байнгын хороонд 50-60 мянган өргөдөл ирдэг. Тодорхой асуудлуудын хүрээнд шалгуулах материалууд манай байнгын хороон дээр байна. Тиймээс энэ Засаг төр хурдан байгуулагдаасай гэж хүсэхээс өөр ямар нэгэн яриа хэлэлцээрт орсон, тохиролцсон, тохиролцох гэж яваа зүйл алга. Би маргааш (өнөөдөр) хэвлэлийн хурал зарлан Петро Чайна Дачин тамсаг компанитай холбоотойгоор Ерөнхий прокурор руу албан бичиг явуулж ёайгаагаа мэдэгдэнэ.
Өршөөлийн хууль батлагдсантай холбоотойгоор намайг өршеөгөед өгөөч гэсэн мащ олон өргөдөл ирж байна. Би Өршөөлийн хуулийн комисст орсон. Тэр ч утгаараа энэ комиссын ажлыг хурдан шуурхай хийлгэх шаардлагатай байгаа. Учир нь Өршөөлийн хууль батлагдсан өдрөөсөө хүчин төгөлдөр болж байгаа тул нэг өдөр ч гэсэн тэр хүмүүс эрхээ эдлэх нь зөв юм. Түүнээс биш та бүгдийн хүсээд байгаа гурав уу, хоёр уу, дөрөв үү, зургаа юу гэдэг сайдуудын тохиролцооны яриа хэлэлцээрт ороогүй. Манай намын нэр бүхий удирдлагууд тодорхой хэмжээний яриа хэлэлцээр хийгээд явж байхыг үгүйсгэхгүй. Тэдний хаана юу яриад явж байгааг би мэдэхгүй байна.
-Өнөөдөр орой (өчигдөр) МАХН-ын дарга Н.Энхбаяр эх орондоо ирэх нь тодорхой болсон. МАХН- аас даргатайгаа ойр байдаг хүмүүсийн нэг нь та. Энэ талаар мэдээлэл байна уу. Н.Энхбаяр дарга ирээд зургаан сайдын асуудлыг шийдэхэд голлон оролцоно гэх юм. Н.Энхбаяр дарга Шадар сайд болох юм уу?
-МАХН-ын дарга Н.Энхбаяр Монгол Улсад ирэх нь чөлөөтэй, ирэхгүй байх нь ч чөлөөтэй. Тэр хүний хувийн асуудал. Өнөөдөр ирэх үү, маргааш ирэх үү гэдгийг мэдэхгүй байна. Мэдээж ирвэл уулзаж таарна. Ирээгүй бол ирэх болоогүй юм байнаа л гэж бодохоос өөр яах юм. Яагаад ач холбогдол өгөөд байгааг ойлгохгүй байна. Би Өршөөлийн хууль ярьчихъя л даа.
-Ерөнхийлөгчийн зүгээс өөрийн твиттер хуудаснаа “Өршөөлийн хуулийн эцсийн найруулгыг сонсож надад ирүүлээгүй байна. Энд дурдсан хэргүүд өршөөгдөх бол хоригийн асуудал яригдана” хэмээн бичсэн байна лээ. Тэгэхээр Өршөөлийн хуулийг яах юм бол?
-2012 оны парламентад манай нам “Шоронжсон нийгмийг алга болгоё. Хэлмэгдүүлэлтийг зогсооё .Залуучуудаа шоронгоос гаргах ёстой” хэмээн Өршөөлийн хуулийг санаачилсан. Тэр үед манай намын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр хоригдож байсан Тэр үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Энэ хүмүүс даргыгаа гаргаж авахын тулд Өршөөлийн хуулийг санаачиллаа” гээд улс төржсөн.
-Батлагдсаны дараа ч гэсэн Өршөөлийн хуулийг Н.Энхбаярт зориулаад гаргачихлаа гэж яриад л байгаа. Тэгээд танай намын дарга Өршөөлийн хууль гарсны дараа Монголд ирэх гэж байгаа биз дээ?
-Н.Энхбаяр даргад зориулж энэ хуулийг гаргаж авах гэж байна гээд байхаар нь бид хуулиа татаж авсан. Дараа нь төрийн уучлалаар Н.Энхбаяр дарга гарсан. Дараа нь удалгүй Ц.Оюунбаатар гишүүн болон бидний зүгээс хуулиа өргөн барьсан. Чуулган болгон дээр Өршөөлийн хуулийг хэлэлцээчээ гэдэг зүйлийг хэлдэг байсан. Байнгын хороо болгон дээр хэлэлцээчээ гэж шахдаг болсон.
Энэ үед “Эрүүгийн болон Зөрчлийн хуулийг баталсны дараа Өршөөлийн хуулийг хэлэлцэнэ” гэдэг байсан шүү дээ. Учир нь зарим төрлийн гэмт хэрэг гэмт хэрэг биш болно. Зарим төрлийн гэмт хэргийн ял багасах тул энэ бүхнийг цэгцэлнэ гэдэг байсан. Тэр ч утгаараа энэ чиг үүргийн хүрээнд бид ажилласан. Энэ хууль чинь Үндсэн хуулийн дараа ордог суурь хууль байхгүй юу. Суурь хуулийг батлахын тулд мэргэжлийн хүмүүсээс эхлээд бүхий л шатандаа сайн ажиллаж байж алдаагүй хууль гаргах ёстой.
2002 онд анх баталсан хуулийг 2008 онд шоронжсон хууль болгосон. Хууль зүйн яамнаас зургаан сарын хугацаанд 4600 хүн ял шийтгэл авч байна гэж мэдээлсэн. Ийм байгаа тул Өршөөлийн хуулийг батлахаас өөр аргагүй. Тиймээс Хууль зүйн байнгын хорооны хуульч гишүүд бид байр сууриа нэгтгээд үүнийг яаравчлан батлах шаардлагатай гэсэн юм. Өршөөлийн хуулийг зун батлах ёстой байдаг. Учир нь 21 аймагт шорон, урьдчилан хорих төвд хоригдож, шалгагдаж байгаа хүмүүс байгаа тул өвөл тэднийг суллахаар хаана байлгах юм. Ямар хувцастай явуулах вэ гээд асуудал байдаг. Өршөөлийн хуулийн комисс байгуулагдлаа гээд маргааш нь гаргаад явуулчихдаг юм биш. Хүмүүсийн материалыг үзэж байж сулладаг тул цаг хугацаа авдаг. 2016 онд сонгууль болох тул амжихгүй. Уг нь ээлжит бус чуулганаар Эрүүгийн болон Зөрчлийн хуулиа батлаад явчихсан бол амар байлаа. Өршөөлийн хуулийг битгий улстөржүүлээчээ. Өршөөлийн хууль өнөөдрийн энэ цаг үед гарах ёстой юм уу. Хэрэв тийм гэж байгаа бол бүү улс төржүүлээчээ гэдгийг хэлээд байгаа юм.
-Гэхдээ Өршөөлийн хуулийн заалтууд дээр анхаарал хандуулахгүй өршөөж болохгүй хүмүүс уг хуульд хамрагдах гээд байна гээд байгаа. Өршөөлийн хуулийг батлахгүй бол танай сайд нарыг томилохгүй, Ерөнхий сайдыг огцруулна гэдэг шантаажийг та нар хийгээд байгаа биз дээ?
-Хэн тэгж хэлсэн юм. Хэрэв тийм хүн байгаа бол хатуухан арга хэмжээ авах хэрэгтэй. Хуульч хүн баримттай ярьдаг.
-Ээлжит бус чуулган завсарлахаас өмнө зургаан сайдыг томилж амжих уу. Хугацаа энэ тэрийнхээ хувьд ямар байдаг талаар хуульч хүнийхээ хувьд тайлбарлаж өгөөч?
-Монгол Улсын Ерөнхий сайд хамгийн түрүүнд Ерөнхийлөгчид зургаан сайдаа зөвшилцөх ёстой. Тэр нь ажлын тав хоног байдаг. Зөвшилцөх сайдын нэрээ Ерөнхий сайд яагаад оруулахгүй байгаа вэ гэдгийг Ерөнхий сайд өөрөө хэлэх ёстой.
-МАХН-аас шалтгаалах зүйлээс болоод зургаан сайдын нэр тодорхой болж чадахгүй байгааг та мэдэж л байгаа байлгүй дээ?
-УИХ дээр орж ирвэл магадгүй энэ сайд нь болно. Тэр нь болохгүй гэдгийг ярина. Тэгэхээр УИХ-д орж ирээгүй Монгол Улсын Ерөнхий сайдын өмнөөс би энд хариулаад сууж байгаа нь ёс зүйгүй бөгөөд хууль бус юм.
Монгол Улсын Засгийн газар огцроогүй. Засгийн газрыг хэн бүрдүүлсэн бэ. Хүмүүсийн яриад байгаа шиг биш 39 гишүүн бүрдүүлсэн. Ерөнхий сайд одоо сайдуудаа бүрдүүлээд явах ёстой. Зургаан сайдаа оруулах эсэх нь Чимэдийн Сайханбилэг гэдэг ганц хүний л мэдэх асуудал.
-Харин сайд нараа оруулах гэхээр “Шударга ёс” эвсэл...
-Бид яачихсан юм.
-Гэхдээ улстөрчид л асуудал болоод байна. Хуулиараа Ерөнхий сайдад эрх мэдэл өгсөн ч танай бүлэг, АН, ИЗНН тохироо хийж байж орох нь тодорхой...
-Тохироо хийж орно гэдэг хууль байхгүй.