Өнгөрсөн чуулганаар баталсан хамгийн зөв хууль
Хаврын чуулганы онцлох эсвэл тэднийг сайшааж магтах ёстой зүйл нь хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг баталсанд байлаа.
Монгол улсад боловсрол, нийгмийн салбарт хамгийн тулгамдаж байгаа хамгийн том асуудал сургууль цэцэрлэг. Тэр дундаа 0-5 насны мянга мянган хүүхэд цэцэрлэгийн хүртээмж дутуугаас гэртээ үлдэх үнэхээр шударга бус ч юм шиг.
Түүнээсээ болж өөрийн биеэрээ, бүр цаашилбал амь насаараа хохирч байгаа хүүхдийн тоо жил бүр нэмэгдэх болсон. Тиймээс МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зүгээс нэр бүхий гишүүдтэй хамтран хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг хоёр жил гарны өмнө УИХ-д өргөн барьж сая Хаврын чуулганаар батлуулсан нь олон эхчүүдийг баярлуулсан.
Уг хууль нь хоёр наснаас ерөнхий боловсролын сургуульд элсэх хүртэлх насны хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд харах үйлчилгээг зохион байгуулах харилцааг зохицуулагдаж, хүүхэд харах үйлчилгээг албан ёсны стандартад суурилсан боловсрол, сургалтын бус хүүхдийн эрхийг хамгаалж, хөгжлийг дэмжсэн нийгмийн халамж, хамгааллын үйлчилгээг явуулах аж.
Түүнчлэн хуулинд “хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулах байрыг зөвхөн хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар ашиглана” “Хүн, айл амьдарч байгаа өрхийн орон сууц, гэр, байшинд хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулахыг хориглоно”, “Хүүхэд харах төвийн байр, гэрт хүүхэд харах үйлчилгээнээс өөр аливаа үйлчилгээ, үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн зохицуулалтуудыг тусгажээ.
Хүүхдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэлгүй, аюулгүй байх нөхцлийг хангах зарчим нь хуулийн үзэл баримтлалын суурь зарчим болж байгаа бөгөөд хуулинд энэхүү зарчмыг хангах холбогдох зохицуулалтыг тугсасан.
Мөн үйлчилгээ нь амьдрал ахуй дээрх нийгмийн эрэлт, хэрэгцээг бодитойгоор хангах чадамжтай байх, тогтвортой, хэвийн явагдах боломжтой байх, төрийн санхүүжилт зориулалтын дагуу хүүхэддээ хүрч, үр дүнтэй зарцуулагдах нөхцлийг бүрдүүлэх зарчмыг баримталж хуулийг боловсруулж баталжээ. 2013 оны байдлаар улсын хэмжээнд 2-5 насны 247104 хүүхэд байгаагаас 61585 мянган хүүхэд буюу 4 хүүхэд тутмын 1 нь, нийслэлд 74900 хүүхэд байгаагаас 21400 мянган хүүхэд буюу 3 хүүхэд тутмын 1 нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүйд хүрсэн. Цэцэрлэгийн хүчин чадал өнгөрсөн жилийн байдлаар 100,3 мянга байгаагаас ашиглалт 133,2 хувь, нийслэлийн цэцэрлэгийн хүчин чадал 31,4 мянга байгаагаас ашиглалт 136,3 хувьтай байгаа нь энэ хуулийг батлахад хамгийн их түлхэц өгсөн биз.
Мэдээж хууль хэрэгжихэд хөрөнгө санхүү хэрэгтэй. Ажлын хэсгийнхий тооцоогоор хуулийг хэрэгжүүлэхэд 50 орчим тэрбум шаардлагатай.
Гэхдээ ийм хэмжээний мөнгийг нэг дор нь өгөх хөрөнгө улсын төсөвт байхгүй хэн хүнгүй мэдэж байгаа. Тиймээс эхний ээлжинд багаар олгогдох нь ойлгомжтой. Хууль санаачлагчид хүүхдийн хоолны зардал, нэг хүүхдэд ногдох нормативт зардлыг төрийн өмчийн цэцэрлэгт олгож буй зардалтай адил хэмжээгээр олгохоор хуулинд тусгажээ.
Ингэвэл нэг хүүхдийн сарын хоолны зардалд 36300 төгрөг, нормативт (хувьсах) зардалд 70500 төг, нийт 116 900 төгрөгний зардал олгогдох аж. Мэдээж давхар ажлын байр нэмэгдэнэ. Урьдчилсан тооцоогоор 4000 ажлын байр бий болно гэж үзэж байгаа аж.
Тэтгэвэртээ гарсан багш нар хүүхэд харах үйлчилгээг явуулах боломжтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй хэр нь ажилгүй гэртээ ямар нэг шалтгаанаар хүүхдээ хараад суудаг ээж ажилтай болох зэргээр ажлын байрууд бий болох аж. Хууль 2016 оны 1-сарын 1-ээс хэрэгжинэ. Сонгуулийн өмнөх шоу битгий байгаасай хэмээн монголын мянга мянган багачуудынхаа өмнөөс хүсэж байна.