Тимоти Жон Көүпийг Монголын аялал жуулчлалын элч өргөмжлөлөөр шагнав
БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол
2015.07.21

Тимоти Жон Көүпийг Монголын аялал жуулчлалын элч өргөмжлөлөөр шагнав

Австрали Улсын иргэн, адал явдлын аялагч, зохиолч Тимоти Жон Көүпийг Аялал жуулчлалын тэргүүний ажилтан цол тэмдэг, Монголын аялал жуулчлалын элч өргөмжлөлөөр өргөмжиллөө. Түүнд энэхүү шагналыг БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол өнөөдөр гардуулж өгсөн юм.  

Монгол Улсыг дэлхий нийтэд сурталчилж байгаа онцгой хувь нэмрийг нь үнэлж, цаашид Монголын аялал жуулчлалын элч болж, нүүдэлчин ахуй, соёлыг дэлхий нийтэд улам сайн сурталчлахыг хүсч уг шагналыг өгч буйгаа БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол онцолсон. Австралийн иргэн Тим Көүп адал явдалт аяллаараа дэлхийд танигдсан, Дэлхийн аялал жуулчлалын байгууллага, томоохон нийгэмлэгүүдтэй хамтран ажилладаг, тэдгээрт данстай аялагч юм. Түүнийг Үндэсний газар зүйн нийгэмлэгээс 2007 оны адал явдалт аяллын шагналтнаараа тодруулжээ. Мөн Австралийн 2006 оны шилдэг адал явдалт аялагч болж, аяллын сонин сайхнаараа олон зохиол бичиж, кино найруулж, илтгэл тавьжээ.

Монгол Улсын Засгийн газраас анх удаа “Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталж,  хөтөлбөрийн дагуу хэрэгжүүлэх арга хэмжээний  төлөвлөгөөг БОНХАЖ-ын сайдын тушаалаар батлаад байна.

 

Тим Көүп дэлхийн олон орноор олон томоохон аялал хийсэн байна. “Арктик, Финландын ойн бүс болон Оросын Баруун Хойд бүсэд зэрлэг талын хөтөчийн сургалт” сэдэвт аяллыг 1998-1999 онд, Орос, Монголоор дайрсан 10,000 км дугуйн аяллыг 1999-2000 онд, Сибирээс Хойд мөсөн далай хүртэл завиар 2001 онуудад тус тус аялжээ. “Чингис хаан болон XIII зууны нүүдэлчин монголчуудын мөрөөр” аяллыг Хархориноос Унгар хүртэл /2004-2007 онд/ гурван жил хагасын хугацаанд мориор аялсан нь хамгийн том аялалд тооцогддог. Аяллынхаа дараа “Чингис хааны мөрөөр-нүүдэлчдийн нутгаар хийсэн домогт аялал” ном туурвин бүтээсэн ба уг ном нь Австрали, АНУ, Канад, Их Британи, Герман зэрэг улсуудад олон тоогоор худалдаалагджээ. Тим Көүп уг бүтээлээрээ 2013 оны Банфф олон улсын уулчдын ном, киноны фестивалаас “Шилдэг адал явдалт аяллын ном” шагналаар шагнуулсан байна. Нүүдэлчдийн амьдралын өвөрмөц хэв маягийг харуулсан уг сонирхолтой номыг монгол хэл дээр хэвлүүлэн гаргахад санаа тавихаа БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол мөн хэлсэн юм.

Тим Көүп нь “Чингис хаан болон XIII зууны нүүдэлчин монголчуудын мөрөөр” аяллынхаа тухай зургаан хэсэг кино бүтээж, Австралийн “Эй Би Си” телзвизээр олны хүртээл болгон, гурван ч кино наадмаас шагнал авчээ.

Тим Көүп БОНХАЖ-ын сайдаас шагналаа авсны дараа аяллын хугацаанд цуглуулсан бүтээлээсээ товчлон бэлтгэсэн богино хэмжээний кино болон гэрэл зургуудыг үзүүлж, аяллын сэтгэл хөдлөм түүхээсээ сонирхуулсан. Тэрбээр хасах 40 хэмийн хүйтнээс хэдхэн см эсгийгээр халхлагдаж чаддаг гайхамшигтай тэвчээртэй ард түмэн гэж монголчуудыг үнэлдэг гэлээ. Мөн нүүдэлчдийн амьдрах арга ухаан бол ерөөсөө л хамтач үзэл гэж ойлгосноо ч хуваалцав.

Ноён Тим Көүп-д шагнал гардуулсны дараа БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол сүүлийн үед Засгийн газар, БОНХАЖЯ-наас хийж хэрэгжүүлж буй зарим ажлаа танилцууллаа. Өнгөрсөн зургадугаар сарын 29-нд Монгол Улсын Засгийн газраас анх удаа “Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталж, хөтөлбөрийн дагуу хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг БОНХАЖ-ын сайдын тушаалаар батлаад байна.