Амарч ч чадахгүй эсэргүүцсээр
АН, МАН ахиад хоёр тийш харчихсан, хуульч гишүүд даргадаа хөөгдөж, Байнгын хорооноосоо татгалзан байж эсэргүүцэл зарласан, эмэгтэй гишүүдийн “бослого”-ын хажуугаар наадам гээд догдолчихсон байхад хаврын чуулган хаалтаа хийсэн.
Одоо Төрийн ордныг дарга, цэрэггүй орхин одоод буй. Харин Эрүүгийн хуулийн төслийг эсэргүүцэгч гишүүдийн нэг О.Баасанхүү амарч ч чадахгүй тэмцлээ үргэлжлүүлсээр. Тэрбээр фэйсбүүктээ “Гэмт хэрэгтнүүдийн зарим нэгэн үйлдэл тэднийг хэдэн ч удаа цаазаар авсан багадахаар аймшигтай байдаг. Нялх хүүхдийг алах, олон хүнийг хоморголон устгах, биеэ хамгаалах чадваргүй хөгшид, хүүхдийг тамлан алах гээд энгийн хүний ухамсарт ч орохооргүй аймшигтай үйлдэл хийсэн нь бий.
Зөвхөн чөтгөр л ийм зүйл хийж чадах байх. Хүний нийгэмд хүн амьдрах ёстой болохоос хүн төрхтэй чөтгөрүүд амьдрах ёсгүй. Шинээр батлах гэж буй Эрүүгийн хуулиас цаазаар авах ялыг хасаж байгаа нь хүн төрөлхтний өмнө эс үйлдлээрээ хийж буй асар том тэнэглэл юм. Магадгүй хэлмэгдүүлэх вий гэж айж байгаа бол ялыг нь хойшлуулж болно. Гол нь цаазаар авах ял Эрүүгийн хуульд байх ёстой” хэмээн байр сууриа илэрхийлжээ.