Өргөдлийн байнгын хороонд өргөдөл хэрхэн өгөх вэ
УИХ-аас 2012 онд Монгол Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар Өргөдлийн байнгын хороог анх байгуулжээ.
Өргөдлийн байнгын хороо хуульд заасны дагуу УИХ, түүний Байнгын болон дэд, түр хороо, тэдгээрийн удирдлагад ирүүлсэн өргөдлийг судлаж, шийдвэрлэх үүрэгтэй. Мөн өргөдөл гаргагч, гэрч, шинжээчийг сонсох, холбогдох албан тушаалтнаас тайлбар авах бүрэн эрхтэй юм байна. Өргөдлийн байнгын хороо иргэдийн өргөдөлд үндэслэн нийгэмд тулгарч байгаа бэрхшээл, асуудлыг илрүүлэх, түүнийг шийдвэрлэх зорилготой ажилладаг. Мөн хууль тогтоох үйл ажиллагаанд иргэний оролцоог дэмжих, шууд ардчиллыг нэвтрүүлэх, хуулийн биелэлтэд иргэдтэй хамтарч хяналт тавих боломжийг бүрдүүлэн ажилладаг.
Тус Байнгын хороо МАН-ын бүлгээс тав, АН-ын бүлгээс долоо, ‘‘Шударга-Ёс эвсэл”-ээс хоёр, бие даагч нэг нийт 15 гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Иргэн та өөрт тулгарсан асуудлынхаа талаар өргөдөл бичих, эсвэл төрийн байгууллагын талаар ямар нэгэн гомдолтой байвал тус Байнгын хороонд хандах боломжтой юм байна.
Ингэхдээ Монгол Улсын хууль, УИХ-ын шийдвэрийг боловсронгуй болгох талаар санал өгөх, УИХ-ын шийдвэрийн биелэлтэд хяналт тавихтай , холбоотой асуудлаар хандах боломжтой юм байна. Мөн УИХ-д ажлаа шууд тайлагнадаг байгууллагын гаргасан шийдвэртэй холбоотой асуудлаар өргөдөл, гомдол гаргах эрхтэй ажээ. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд, өргөдөл гэж гомдлоос бусад асуудлаар төрийн байгууллага, албан тушаалтанд хандсан хүсэлтийг хэлнэ гэж заажээ. Харин гомдол гэж төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр үйл ажиллагаанаас шалтгаалж иргэдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж сэргээлгэхээр гаргаан хүсэлтийг хэлдэг юм байна.
Санал гэж дээрх байгууллага албан тушаалтны үйл ажиллагааг сайжруулах, шинэчлэх талаар гаргасан хүсэлтийг хэлдэг аж. Мөн мэдэгдэл хүлээж авч болох бөгөөд Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид заасан хүний эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэхтэй холбоотой хүсэлтийг мэдэгдэл гэж нэрлэдэг байна.
Өргөдөл гаргахдаа бусдыг гүтгэх, доромжлох, ялгаварлан гадуурхахыг уриалж болохгүй. Мөн үнэн зөв, агуулгаа товч, тодорхой илэрхийлсэн байхыг Өргөдлийн байнгын хорооноос анхааруулжээ.
Таны өргөдлийг өргөдөл, гомдол хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болох ба хугацаа сунгасан тухай танд мэдэгдэнэ. Өргөдөлд ургийн овог, эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын буюу шуудангийн хаяг, холбоо барих утасны дугаараа заавал бичих шаардлагатай. Өргөдлөө шуудангаар, цахим хаягаар илгээж болох аж. Хэрвээ шуудангаар илгээх бол УИХ- ын Өргөдлийн байнгын хороо, Төрийн ордон-14201, Сүхбаатарын талбай-6 гэсэн хаягаар явуулна. Мөн төрийн үйлчилгээний цэг /ТҮЦ/ машинаар дамжуулж болно. Төрийн ордны ард байрлах УИХ-ын Тамгын газрын иргэд хүлээн авах ажилтанд хандан амаар хэлж болохоос гадна www.sc-petition.parliament.mn хаягаар цахим хэлбэрээр өргөдөл гаргаж болох юм байна.