Наадмын сэрэмжлүүлэг зөвлөмжийг хүргэж байна
Зуны дэлгэр цаг ирж, Монгол түмний цэнгэл улсын их баяр наадам удахгүй эхлэх гэжбайна. Гэтэл жил бүрийн наадмын өдрүүдэд нийгмийн эрүүл мэндийн асуудлууд хурцаар тавигддаг.
2014 оны эрүүл мэндийн статистикаас харахад осол гэмтэл, хордлого, гадны шалтгаант нас баралт 2013 оноос 4,8%-иарнэмэгдсэн, хүнснээс гаралтай бактерт халдвар 1,1%, суулгалт халдвар 0,3%-иар өссөн байна.
Аялах, зугаалах, баяр ёслол тэмдэглэх зэргээр хүмүүсийн бөөгнөрөл, хөдөлгөөн ихсэхийн хирээр, ойд төөрөх, осгох, могойд хазуулах, уул хаднаас унах, усанд живэх, гэмтэх, нарших, даралт ихсэх, цус харвах, гал, цахилгаанд түлэгдэх, хоолны хордлого болох зэрэг амь нас эрүүл мэндэд эрсдэл үүсэх тохиолдол 7, 8 дугаар сард нэмэгддэг. Энэ нь хэт халалтаас болон өөхтэй мах, хорхог идэж, архи ууснаас голдуу болдог бөгөөд ходоодны цус алдалт, элэг, нойр булчирхайн өвчин,тархины харвалт, зүрхний шигдээс,осол, гэмтэл зэргээр яаралтай тусламж дуудах, гэмтлийн эмнэлэгт хандах хүний тоог ихэсгэдэг.
Иймд иргэдэд сэрэмжлүүлэг өгөх зорилгоор мэдээллийн хэрэгслүүдэд хандаж байна.
Аялал, зугаалгаар явахдаа анхаарах зүйлс:
1. Хувийн эмийн сантай явах-шархдах, гэмтэх үед хэрэглэх сойлт, боолтны материал, эм, эмнэлгийн хэрэгслүүдтэй байх
2. 40-өөс дээш насны хүмүүс даралтны аппарат, даралтны эм, аспирин 100 мг (зарим хүн аспирин 81 мг хэрэглэдэг) биедээ ойр авч явах
3. Анхны тусламж хэрхэн үзүүлэх тухай мэдээллийг интернэт сайтуудаас унших, тэмдэглэх
4. Аймаг, сум, багийн эмнэлгүүдийн байршлыг тэмдэглэж авах
5. Нарнаас хамгаалах
6. Даралтаа тогтмол хянах, эмчийн зөвлөгөөнөөр эмээ уух
7. Зүрхний шигдээс, тархины харвалтыг эрт таних шинжүүд бол хэл яриа ээдрэх, гар, хөл сулрах, биеийн нэг тал хүндрэх, барьж байгаа юмаа алдах, тэнцвэр алдагдах, гуйвах бөгөөд энэ үедаспирин 100 мг (зарим хүн аспирин 81 мгхэрэглэдэг) эмнээс 3-4 ширхэгийг уулгаад яаралтай эмнэлэгт хүргэх
хэрвээ аспирин 500 мг-ийнх байвал зөвхөн 1 ширхэгийг уулгаад яаралтай эмнэлэгт хүргэх. Хамар, амнаас болон ер нь цус алдаж байгаа хүн бол аспирин өгч болохгүйг анхаараарай.
8. Ходоодны шархтай, нойр булчирхай, элэгний үрэвсэлтэй бол хурц хоол, хорхог, боодог идэх, архи уухаас зайлсхийх (ходоодноос цус алдсан, элэг, нойр булчирхайн үрэвсэл сэдэрсэн өвчтөнүүд баярын үеэр ихэсдэг).
9. Төөрөх, живэх, зам тээврийн аюул, ослоос болгоомжлох, морь, завь, мотоцикл, машинаар шөнө явахгүй байх, хамгаалалтын хэрэгсэл, хантааз, машины суудлын бүсээ тогтмол зүүх, хүүхдийг арын суудалд бүсийг зүүлгэн, мэшины суудалд суулгаж цонхоор цухуйлгахгүй зөв авч явах.
10.Нэг машин, мотоцикл, моторт завинд хэт олуулаа суухгүй байх, хүүхдийг буруу суулгаж авч явахгүй байх, бүрэн бус тээврийн хэрэгслээр аялал, зугаалганд явахгүй байх
11.Амралт, сувиллын газруудад амрахдаа анхны тусламжийн бэлэн байдлыг нь асуух, шаардах, гадаад, дотоодод аялахдаа байгалийн голомтот ба бусад халдварт өвчнүүдээс сэргийлэх, жишээ нь N1H1, эбола, корона вирусын халдвар болон хоолны хордлого, тарваган тахал зэрэгээс өөрийгөө болон бусдыгсэргийлж, сайхан дурсамжтай, аз жаргалтай, эрүүл энх сайхан наадаарай.
Монгол хүн та улс орныхоо үнэт баялаг нь юм шүү, таны амь нас, эрүүл мэнд үнэ цэнэтэй гэдгийг бүү мартаарай.