ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчид Монголд ирлээ
УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн даргын Л.Болд
2015.07.09

ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчид Монголд ирлээ

ХБНГУ-ын Бундестагийн Төв Азийн Парламентын бүлгийн дарга тэргүүтэй төлөөлөгчид Монгол улсад хүрэлцэн ирлээ

 Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бундестагийн Төв Азийн Парламентын бүлгийн дарга Манфред Грунд тэргүүтэй төлөөлөгчид Монгол улсад 2015 оны 7 дугаар сарын 9-нөөс 12-ны өдрүүдэд айлчилж байна.

 Төлөөлөгчид “Чингис хаан” олон улсын нисэх буудалд Истанбул-Улаанбаатар чиглэлийн ТК342 дугаарын нислэгээр хүрэлцэн ирлээ.

 УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн даргын Л.Болд, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Герхард Тийдеманн, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн зөвлөх Б.Солонго болон бусад төлөөлөгчдийн хамт айчлалын бүрэлдэхүүнийг угтан авлаа.

 Төлөөлөгчид УИХ-ын дарга З.Энхболдод бараалхан улмаар Мөн УИХ-ын гишүүн, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбаттай уулзсан байна.

 Бундестагийн гишүүд айлчлалын үеэр Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагааг үзэж сонирхох юм байна.

 Төлөөлөгчдийг хүндэтгэн УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга Л.Болд үдийн зоог барих аж.

 Монгол дахь айлчлалын хөтөлбөрийн хүрээнд төлөөлөгчид Богд Хааны музейг үзэж сонирхохын дээр байгаль хамгааллын төслийн үйл ажиллагаа, малчин айлын ахуй, малын гаралтай түүхий эд боловсруулах бичил үйлдвэрлэлтэй танилцах юм.

 Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бундестагийн Төв Азийн Парламентын бүлгийн дарга тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, гэргий Х.Болормаа нарын Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зориулсан төрийн хүлээн авалтад оролцоно.